ССААЖЯ, Монгол-Францын төв, Монголын урлагийн зөвлөлөөс анх удаагаа зохион байгуулж буй УЛААНБААТАР олон улсын кино наадам өнөөдөр эхэлж байна. Уг кино наадамд нийт 9 орны уран бүтээлчдийн кино оролцож байгаа бөгөөд эдгээр кинонууд нь 2012-2013 оны Канн, Берлин, Венецийн кино наадамд сонгогдон шагнал хүртсэн бүтээлүүд юм. Монголын киночид гадаадын уран бүтээлчидтэй туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжихэд уг наадмын бас нэгэн зорилго оршиж байгаа юм.

“Улаанбаатар“ олон улсын кино наадмын хөтөлбөрт дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, урлаг уран сайхан дэвшүүлж буй санаа нь өргөн цар хүрээг хамарсан кинонууд оролцож байгаа бөгөөд АНУ, Герман, Гүрж, Итали, Сингапур, Тайвань, Турк, Франц, Швед зэрэг орны найруулагч, продюсерийн төлөөлөл болсон 12 зочид манай улсад иржээ.

Уран бүтээлчдийн төлөөлөл Сингапурын кино найруулагч Энтони Чэнь , найруулагч Габрила Пихлер,  продюсер Гиюм дө Сей, энэхүү наадмын зохион байгуулагч Тибу Брак нар олон улсын кино наадамд ямар бүтээлээр оролцож байгаагаа танилцууллаа.

2013 оны Каннын Олон Улсын кино наадмын “Алтан камер” шагнал хүртсэн Сингапурын найруулагч Энтони Ченийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Ило, Ило” хэмээх гэр бүлийн сэдэвтэй бүтээлээ монголын үзэгчдэд толилуулах гэж байна. Мөн 2012 оны Гулдбагийн шагнал, тус оны Венецийн Олон улсын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоногийн Үзэгчдийн нэрэмжит шагналт “Ид унт үх”, Берлиний Олон Улсын кино наадмын Олон улсын арт кино эвлэлийн шагналт “Цэцэглэхүй” хэмээх дэлхийд данстай бүтээлүүд “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож байгааг дуулгалаа.

Кино наадмын хүрээнд кино форм, “Франц киноны өдөрлөг” зэрэг үйл ажиллагаа болох юм. Харин Пусаны олон улсын наадмын “Азийн киноны булан” хэсэгт сонгогдсон найруулагч Ч.Хоролдоржийн ШАРГА ДААГА киногоор “Улаанбаатар” Олон улсын кино наадам нээлтээ хийлээ.

Есөн өөр орон, есөн өөр ёс заншилыг харуулсан инээдэм, гэр бүл, хайр дурлал, нийгмийн асуудал гээд бидний амьдралын дунд өрнөж буй бүхийн л сэдвийг хөндсөн бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн “Тэнгис” кино театрт үнэ төлбөргүй үзээрэй.

Наадмын хөтөлбөр

10-р сарын 4-нд “Шарга даага”

10-р сарын 5-нд “Франц кино өдөрлөг”

10-р сарын 6-нд Францын “Ило, Ило”

“Сальво” кино

10-р сарын 7-нд Туркын “Насан туршдаа”

Жүжигчин Дэфнэ Халмантай хийх уулзалт

“Цэцэглэхүй” Гүржийн кино

Продюсер Гиюм Дөө Сейтэй хийх уулзалт

10-р сарын 8-нд  Энэтхэгийни “Хоолны сав”

Тибу Брактай хийх уулзалт

Тайваны “Маргааш ч чи намайг хайрлах уу”

Найруулагч Эрвин Ченьтэ хийх уулзалт

Шведийн “Ид унт үх”

10-р сарын 9-нд    АНУ-ийн  “Бүрэн сүйрэл”

Мексикийн “Алтан хорго”

Найруулагч Диего Кемада Диестэй хийх уулзалт болно.

Recommended Posts