Нийслэлийн Соёлын Газрын дарга Б.Батцэнгэл буюу реппер Quiza -тай ярилцлаа. 

-Нэг сая хүн амтай нийслэл хотын урлаг, соёлын асуудлыг ахлаж ажиллана  гэдэг өндөр үүрэг,  хариуцлага. Энэ ажилд хэрхэн томилогдов? 
-Нийслэлийн соёл урлагийн газар нь  дүүргүүдийн  соёлын ордон болон Улаанбаатар хотын музей, Улаанбаатар номын сан, СТӨ, Улаанбаатар чуулгыг хариуцан ажилладаг. Соёл урлагийн бодлого чиглэлийг баримтлан ажилладаг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг. Ажлын тухайд бол өөрөө сонирхоод төрийн албан хаагчийн анкет бөглөж, шалгалт өгч, төлөвлөгөө гаргаж Засаг даргад танилцуулаад сонгогдсон.
-Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Урлаг соёлын салбарын давуу тал бол хүмүүс нь жинхэнэ халуун сэтгэл зүрхээрээ ажилладаг. Би тогтчихсон сайн баг дээр ирсэн. Соёлын байгууллага дээр аливаа улс төрийн нөлөө болон халаа сэлгээний асуудал байдаггүй.
-Хүмүүс Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.Батцэнгэл гэхээр тэр бүр Куйзаг гэж мэддэггүй байх…?
-Миний олон жил сонирхсон ажил. Соёл урлагийн салбар хэдийгээр онцгой төсөв тавьж өөд нь татъя гэсэн тэргүүн эгнээнд байхгүй ч нөлөөллөөр асар хүчтэй. Ялангуяа соёлын бодлого чиглэл ямар байж нийслэлийн иргэнийг хэрхэн хүмүүжүүлж дархлаажуулах вэ гэдэг асуудал их чухал. Энэ нь миний ажлын онцлог. Төрийн байгууллага цалин бага, цаг наргүй, ачаалал өндөр гэж ярьдаг. Миний хувьд насны хувьд болоод  ч, гэр бүлийн тухайд  ч энэ ажлыг хийх болсон гэж боддог. Тэгээд л бүх чадлаа ажилдаа зориулан явж байна даа.
-Соёл урлагаар дархлаажуулна гэхээр нэг л сонин сонсогдоод байна?
-Нийгэм гэдэг нийтийн харилцаан дээр хотын соёл бэхжиж дархлаажигдан явдаг. Нийтийн харилцааг ямар үед ухамсарладаг вэ гэхээр соёл урлагийн үйлчилгээгээр би хотын иргэн, олон нийтийн дунд амьдардаг, өөрийнхөө үүрэг хариуцлагыг хүлээж эрхээ эдлэх ёстой гэсэн ухамсрыг дархлаажуулж өгдөг. Ерөөсөө нийгмийн харилцаанд оролцохгүй урлаг соёлын үйлчилгээ авахгүй бол  бүдүүлэг хэлбэрт шилжинэ. Тэгэхээр  соёл урлагийн ажлыг ихээр хийж байх нь хотын соёлын асуулдалд том дэвшил хамгаалалт болох юм.
-Танай үндсэн үйл ажиллагааны чиглэл юу вэ?
-Бид босоо тогтолцоогоор ажилладаг. ССАЖЯ-наас баримталдаг бодлого болох  морин хуур, хөөмий, бие биелгээ, соёлын өвийн хөтөлбөрийг манайх дэд хөтөлбөрөө болгон хэрэгжүүлдэг. Мөн Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр нийгэм эдийн засгийн зорилтод орсон соёл урлагийн ажлыг хэрэгжүүлнэ. Тэгээд нийслэлийн хэмжээнд тэмдэглэгддэг соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж ажилладаг. Үндэсний баяр наадам, шинэ жил, хүүхдийн баяр, нийслэлийн ой гэх мэт. Садар самуунтэй тэмцэх, оюуны өмчийг хамгаалах хуулийн  хэрэгжилт талаас нь анхаарна. Соёлын үйлчилгээний стандарт болон тусгай зөвшөөрлийг манайх олгодог.
Ойрын үед анхаарлаа хандуулж буй гол ажил гэвэл?
-Нийслэл хотын 375 жилийн ойн хүрээнд хийгдэх маш олон ажлыг салбарын хувьд ахлан хийж байна. Хүүхдийн баярын төсөл дээр ажиллаж байна. Илүү гоё хийхийн тулд уран бүтээлчид хувийн хэвшил ТББ-ын саналыг цуглуулж явна.
-Хувийн уран бүтээлийн тухайд?
-13 дуу бэлэн байгаа. Хүнд хүргэж цацна гэдэг хөрөнгө мөнгө, цаг зав шаардсан ажил. Тийм учраас түр зуур хойш тавиад цаг нь болохоор интернэтэд байрлуулан хүргэнэ гэж бодож байна.
-Энд тэнд дуулж байна уу ?
-Ер нь төрийн албан хаагч болсноосоо хойш дуулаагүй шүү. Хандив, буяны болон олон нийтэд хандсан ашгийн бус арга хэмжээнд оролцох санал их ирдэг. Боломжтой бол оролцоно гэж боддог.
-Өнгөрсөн найман жилийн хугацаанд та чамгүй амжилтад хүрсэн. Таны дуу хоолой нийгэмд үгүйлэгдэж байгаа болов уу?
-Би хийсэн бүтээлээрээ хоолоо олж иддэг, амьдралаа залгуулдаг, үнэлэгддэг, цэнэлэгддэг энэ тогтолцоог бий болгохын төлөө ажлаа хийж байна. Өнөөдөр би нэг дуу гаргаад тэрнээсээ  нэг  ч төгрөг олохгүй. Яахав шинэ жилээр ч юм уу нэг газар дуулаад хэдэн төгрөг олдог л доо. Гэхдээ урлаг нийтээрээ ийм байгаа учраас энэ салбарт бизнес эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхийн тулд эхний ээлжинд нийслэлийн газар нутгийн хүрээнд ажиллаж байна. Миний үгийг нь зохиож продюсерлосон ная гаруй дуу бий. Би энэ бүтээлээсээ ашгаа авдаг тэр тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Урлагийн салбарын бизнес хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж өгөх сонирхолтой. Урлаг гэдэг хэдийгээр төрийн нуруун дээр байх ёстой ч нийтийн дуу, рок поп хөгжим маш сайн бизнес болж байж энэ салбар хөгжинө. Хөгжөөд ирэхээр хүмүүсийн үзэх харах сонсох дуртай юмнууд ихэснэ. Урлагаар дамжуулан өгч байгаа хүмүүжил бол асар их үр дүнтэй байдаг.
-Энэ зорилгынхоо эхлэл болгож юуг хийж байна?
-Нийслэлийн хэмжээнд ажилладаг Соёлын ордон чуулгыг эхний ээлжинд хагас менежментийн тогтолцоо руу шилжүүлнэ.  Жил болгон улсаас 300 сая төгрөг авч буцаагаад гурван сая төгрөг төвлөрүүлдэг соёлын байгууллагатай байхыг хүсэхгүй байна.  Ядаж 150 сая төгрөг аваад 100 саяыг өөрсдөө олдог болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд урлагийн салбарт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэрэгтэй. Анхаарлыг нь татахын тулд эрхзүйн бололцоог нь нээх хэрэгтэй. Тийм ч учраас төрийн өмчид ашгийн зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглоно энэ тэр гэсэн хэд хэдэн хуулийн заалтыг урлагийн салбарт түдгэлзүүлэх саналтай ажиллаж байна.
-Менежментийн хувьчлал гэж ойлгож болох уу?
-Хувьчлал гэх нь хаашаа юм. Одоогоор Соёлын ордны захирлуудтай хагас ашгийн төлөө ажилладаг болгохоор ярьж байна. Нийтийн цэнгээнт бүжиг явуулаад тасалбарынхаа орлогоор зааландаа гэрэл аваад тавьчихдаг байя. Цэнгээнт бүжиг яваад эхэлчихсэн. Хан-Уул дүүргийн Соёлын ордон гэрэл чимэглэлийн асуудлаа төсвийн бус аргаар шийдлээ. Хувийн компанитай гэрээ хийж хөрөнгө оруулалт аваад эргээд тасалбараасаа мөнгөө төлөх жишгээр явж байна. Цаашдаа Соёлын орднууд төрийн соёл урлагийн бодлого хэрэгжүүлдэг газар гэхээсээ илүү иргэдийн дуу хоолойг сонсож тэрэн дээр менежмент хийж соёлын хэрэгцээгээ хангадаг байгууллага болно.
-Урлагийн шүүмжийн хэрэгцээг та юу гэж үздэг вэ. Өнөөдөр шүүлтүүр хэрэгтэй юү?
-Дээр үед шүүдэг байсан. Одоо бол хүмүүсийн мэдрэмж, судалгаа, орлого, нэр хүндээрээ шүүгдэж байна. Урлаг өөрөө хүчтэй том шүүлтүүртэй.  Тийм учраас төр оролцох шаардлагагүй. Хувь уран бүтээлчийн зүгээс би анх нийтийн дууг шүүмжилж байсан. Харин одоо нийтийн дууг бизнес болгож чадсан тэр дуучдыг магтмаар талархмаар, салбараа бизнес болгож чадахгүй яваа рок попынхонг шүүмжилмээр байна. Тэрэн дотор би өөрөө ч яваа. Асуудлыг харах өнцөг өөр болж ирлээ. Хэн хүнээс мөнгийг нь аваад бүтээлээ зарж чадаж байна, тэр л маргашгүй үнэн. Хошин урлаг, нийтийн дуу үнэхээр сайн бизнес болж чадлаа. Улаанбаатарт ирсэн иргэд “Нарантуул” орж бараагаа аваад Бөхийн өргөөнд очиж нийтийн дуучдын тоглолт, СТӨ-нд ирж хошин шогоо үздэг маршруттай болсон. Энэ маршрут  сүүлдээ нийслэлийн иргэдэд нөлөөлж эхэлсэн. Тэгэхээр бид нар урлагийг яаж хөгжүүлэх ёстой юм бэ. Ерөөсөө бид нар мянга бодлого бариад бүгдийг нь хэрэгжүүлэх  боломжгүй учраас шоу бизнесийг хөгжүүлэх, бизнес болгох талыг нь нээж өгөх ёстой. СТӨ-ний 1500 суудлыг бүтэн жил дүүрэн байлгаж чадаж байгаа нь хошин урлагийнхан. Гэтэл манайхан жилдээ 5-6 тоглолт хийдэг. Хоёр цаг хүлээлгэж байж эхэлдэг. Билетээ шахдаг, асуудал бол байна.
-Куйза миний тоглолтын тасалбар CD биш гэж дуулж байсан. Тасалбар CD хэвээрээ байгаа. Энэ юуг харуулж байна?
-Би тоглолтоо CD-гээрээ зарахгүй л гэсэн санаа, хувийн бодол. Тоглолт үзээд гарахдаа CD худалдаж авдаг энэ бол жишиг. Харин CD үзүүлээд тоглолтод орж байгаа бол хоёр том бүтээгдэхүүнийг нэгнийх нь үнээр өгчихөж байгаа байхгүй юу.
-Яагаад ийм болчихов, танайхан?
-Оюуны өмчийн хулгайн асуудал маш их нөлөөлж байна. Интернэтээр үнэгүй татаад авчихна, зах дээрээс 1000 төгрөгөөр 300 дууг MP3 болгоод авна, хүссэн дуугаа youtubе-ээр үзчихнэ. Хүн болгон ухаалаг утастай болчихсон. Техник технологийн дэвшил  маань эргээд оюуны өмч үнэтэй байх нөхцөлийг хаагаад байна. Мөн  цомог зардаг газрууд ухаалаг түвшинд очмоор байна. CD сонсдог үе өнгөрчихлөө.  Бүх бүтээл файл болчихлоо. Худалдаа болгох шийдэл нь нэвтрээгүй болохоор орлого багасаад шинэ уран бүтээл гаргахаа больчихлоо. Ингэхээр сонсогчид маань идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа руу нь л тэмүүлж байна. Энэ дээр маш том хөрөнгө оруулалт, хамтын удирдлагын хүчтэй байгууллага хэрэгтэй. Тэгээд нэгдчихвэл оюуны өмчийн асуудлыг шийдэх боломж бий. Маш олон төв холбоо байгаа ч мобиком, юнител эд нар олон газарт мөнгө төлөхөд хэцүү. Цаг үеийнхээ хөгжилтэй хөл нийлүүлэн тохирч зохирч амьдрахгүй бол болохгүй нь. CD зараад амьдарна гэдэг ойлголт ард хоцорчээ.
Танай рок попынхон  ажлын саналаар хандаж байна уу?
-Манайх хувь уран бүтээлчтэй хамтран үйл ажиллагаа явуулдаггүй. Баяр ёслолын арга хэмжээн дээр хамгийн рейтэнг өндөр яваа  хүмүүст захиалга өгч гэрээ байгуулдаг.  Найз нөхөд хэвээрээ.
-Уран бүтээлийн санал хэр ирж байна?
-Ганц нэг ирнэ ээ. Сүүлд “Свийт эмоушн” хамтлагийн  “Он цаг, орон зай, цаг хугацаа”  дууны үгэн дээр ажилласан.
-Реппер Куйзагийн үзэл бодол өдгөө өөрчлөгдсөн үү?
-DZ man “Хүн бол цаг үеийн бүтээгдэхүүн. Тухайн цаг үеэрээ л үзэл бодол нь үргэлж шинэчлэгдэн хөгжиж байдаг” гэж хэлдэг.  Би 2005 онд тухайн цаг үетэйгээ холбогдон үзэл бодлоо уран бүтээлээрээ илэрхийлж байсан бол өнөөдөр мэдээж өөрчлөгдсөн.
-“Салхины хээ”, “Монголын үнэртэй салхи” гэсэн хоцрогдсон үгтэй дуу сонсдог үе өнгөрсөн гэж та их том тайзан дээрээс  хэлж нэлээд шүүмжлүүлж байсан?  
-Миний ажилладаг урсгал бол бодит байдал энгийн үгээр амьдралыг илэрхийлэх. Энэ талаас нь хэлж байсан. Тэр үед яруулаад, найруулаад бүр дээд түвшинд хүргэсэн дууны үг их байлаа. Тэр нь залуусын амьдралд бууж өгөхгүй. Үүнийг л хэлсэн. Миний тухайн үед хийсэн зүйл бол салбартаа нөлөөлөөд бодитой зүйлийг дуулдаг болсон. Яруу найраг, хөгжим хоёр зөрчилддөг зарим үед.
-Та өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байна?
-Гурван охин, нэг хүүтэй. 20 хүртэлх насыг жаргалд бүү тооц гэдэг. Өөрөө хүүхэдтэй болохоороо хүний мөн чанар энэ тэрийг ойлгодог юм байна. Өөрийнхөө мэдрэмжээр л ажилладаг. Манайхны зарим нь мөнгөөр бүхнийг шийддэг. Гэтэл тийм биш юм байна аа. Хүүхдийн хүмүүжил гэдэг чинь ажил шигээ нарийн бодож төлөвлөх ёстой юм байна. Хүмүүжлийг хүн нийгмийн харилцаанаас олж авна. Тэгэхээр сургууль цэцэрлэг гээд л олны дунд байх орших нөхцөлийг нь сайн хангах хэрэгтэй. Гэхдээ маш тансаг газар байлгах дэмий. Үнэтэй цэцэрлэг сургууль гадаа тоглосон ч асран хамгаалагчтай. Хүүхдийг ингээд орчноос тусгаарлавал сөрөг дагавар ихтэй. Аль болох энгийн байлгая. Улсын сургууль цэцэрлэгт нь явуулаад л байлгавал энэ улсын иргэн болно. Маш их мөнгө зарцуулж боловсруулаад америк хүн болгож өсгөж байна ш тээ. Гэтэл эргээд тэд Монголд л амьдрах хүмүүс гэдгийг бодох хэрэгтэй.
-Сүүлийн үед хэний дууг  илүүтэй сонсож байна. Ялангуяа Монголоос хэн их таалагдаж байна вэ?
-Монголоос уу. С.Жавхлан мундаг байна.
-Анх С. Жавхланг үгүйсгэдэг байсан байх аа?  
-Тийм байсан. Дараа нь бид хоёр хамтарч дуулсан. Гоё хоолойтой, мундаг байна. Одоо харин урлагийг тэмцэл болгож хувиргах гээд байх шиг.  Урлагаараа явбал ард түмэндээ барих бэлэгтэй авьяастай залуу. Гаднаас бол  Японы жааз хип хопыг их сонсож байна.
-Урлагийн боловсролыг багаас нь олгох тухай байнга яригддаг. Гэхдээ хэрхэн яаж гэсэн төгс шийдэлд хүрээгүй л байна?
-Эдийн засаг 2014 форум дээр яагаад урлаг гэж сэдэвт семинар болсон бэ. Өндөр хөгжилтэй орнуудад хийсэн олон жилийн судалгаагаар урлагаар хөгжүүлэх нөхцөл бололцоог сайн харжээ. Хүн ажилдаа үнэн сэтгэлээрээ хандах хандлагыг урлаг соёлын хүмүүжил өгдөг аж. Боловсролын салбарт урлагийн хичээлийг хэр оруулах талаар ярьсан. Би хангалтгүй гэж боддог.
-Тэгвэл ажлаараа дамжуулаад үүнийг яаж хийх вэ?
-Бид залуучуудын хотод амьдарч байна. Гудамжны урлаг, спортыг хөгжүүлмээр байна. Электро хөгжмийн наадам хиймээр байна. Улс төр хөгшрөх тусам туршлага суудаг бол урлаг залуужих тусам шинэчлэгддэг. Ийм л онцгой салбар шүү дээ.
-Залуус залуус гэх юм. Хөгшчүүл гомдох вий дээ?
-Гэхдээ аль нэг бүлгийг орхихгүй. Долоодугаар сарын 11-ний үдэш маш гоё шоу болно. Цэнгээнт бүжгийг анхааран хөгжүүлж байна. Ирэх сарын 2-нд Монгол цэргийн жавхаа иргэн цэргийн баярын өдөр талбай дээр болно. Орой нь талбай дээр цэнгээнт бүжигтэй. Ахмадуудаа урьж байна.
-Куйза сонсогчидтойгоо хэдийд уулзах вэ?
-“Дунд голын дугуйлан” цомог бэлэн болсон. Боломж нь гарахаар хэвлүүлнэ. Айхтар ашиг олдоггүй учраас хэвлүүлэхэд хэцүү байна. Гэхдээ яахав хямдхан хэвлүүлээд интернэтээр дуунуудаа хүргэнэ гэж боддог.
-Дараагийн асуултыг танд үлдээе?
-Манайх ЗЦГ-ын гэмт хэрэгтэй урьдчилан тэмцэх хэлтэстэй санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар төлөвлөж байна. Замын хөдөлгөөнд зөв оролцвол стресс багасна. Аюулгүй явах боломжтой. Бид бүгдээрээ нэг нэгнээсээ хамааралтай нийтийн соёлын зарчим үйлчилдэг хотод амьдарч байна. Тэгэхээр миний, чиний гэх юмгүй амьдарцгаая. Street art бүтээлийг дэмжин хотоо сайхан чимнэ. Гудамжны спортыг дэмжинэ. Сургууль, цэцэрлэг орчмын гарцыг 3D  зургаар чимэглэсэн, намар дахин сайжруулна. Хүүхэд залуусын хот шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. 

 

Recommended Posts