Нийслэлийн 375 жилийн ойг угтан, Нийтийн цэнгээнт бүжгийн “Шилдэг хос” шалгаруулах тэмцээнийг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн 1-р шатны шалгаруулалтаас шалгарсан 27 хос оролцож, амжилттай болж өндөрлөлөө. Хамгийн ахмад оролцогч Сүхбаатар дүүргийн бүжигчин 82 настай Д.Баатар, 81 настай Ж.Долгорсүрэн нар байлаа.

Тэмцээнд бүжигчид нийт 3 бүжгээр оролцсон ба заавал бүжиглэх бүжгээр вальс бүжиг, бусад 2 бүжгийг заавал сурах 10 бүжгээс сонгож бүжиглэсэн юм. Вальс бүжгийг нэрт хөгжмийн зохиолч, вальсын хаан Б.Түмэнжаргал агсны “Дурлалын вальс” аялгуун дээр бүжиглэсэн нь тэмцээний онцлог байлаа.

Тэмцээний тэргүүн байрын шагналыг Чингэлтэй дүүргийн бүжигчин Цэдэндамба, Гүндэгмаа нар, 2-р байрын шагналыг Сонгинохайрхан дүүргийн бүжигчин Л.Мандахцолмон, Г.Бадмаараг нар, 3-р байрын шагналыг Налайх дүүргийн бүжигчин Ч.Гаанжуур, Б.Буян-Арвижих нар тус тус эзэллээ.

Тэмцээний шүүгчээр Монгол Улсын Гавъяат Багш, Монголын Бүжгийн Спортын Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын Бүжгийн Спортын Холбооны дэд ерөнхийлөгч, Бүжгийн Авъяас Төвийн тэргүүн, Нийтийн Цэнгээнт Бүжгийн Холбооны тэргүүн Ч.Жаргалсайхан, БНСУ-ын Инчеон хотод болсон Азийн аварга шалгаруулах бүжгийн спортын тэмцээний аварга, “Хаврын баяр-2008” цэнгээнт бүжгийн улсын уралдааны Хаан өргөмжлөлт, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Б.Булганбаяр, үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын дарга, уран сайхны удирдаач  Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Т.Отгонсүрэн нар ажиллалаа.

Цаашид уг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд иргэдийн талархалыг хүлээсэн, хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болгохоор, вальсын хаан Б.Түмэнжаргал агсны нэрэмжит болгон жил бүр уламжлал болгон зохион байуулах болно.

Recommended Posts