Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, “Номадиа Пикчерс” ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо Тэнгис кино театрт нээлтээ хийж байна.

Тус наадам 2002 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд Канн, Берлин, Венец, Брюссель зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино боловсролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба Олон Улсын кино үзвэр ба “Үзэхийн хязгаар” Ази киноны үзвэр гэсэн хэсгүүд багтсан. Наадмын хүрээнд 2020-2021 онд бүтээгдсэн Монгол, Орос, Франц, Герман, Иран, Малайз, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулна.

Recommended Posts