Одоогоос 382 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-өөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны шав тавьсан  “Мэлхийт хөшөө”-нд уламжлал ёсоор 10:30 цагт хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуураа цэнгүүллээ. Тус ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуур дээдлэн, Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр захиргааны байгууллагаас “Нийслэлийн Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”-г хүндэтгэлтэйгээр залж жил бүр Нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалаар Энэ өдөр Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүлж, Монгол цамын хэсгээс бүжигчид бүжиглэн, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар” дууг дуулж, Улаанбаатар чуулгын бүжигчид цамын бүжгийн хэсгээс бүжиглэв. “Мэлхийт хөшөө”, Нийслэлийн “Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”нд Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтнууд, иргэдийн төлөөлөл тойрог хэлбэрээр явж Сүлдэт хуур, Нууц товчоонд хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж үйл ажиллагаануудад нийслэл, дүүргийн удирдлагууд, Цэргийн штабын бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts