Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран 2021 онд хэрэгжүүлсэн “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжис болон эртний хот суурины гэрэл зургаар “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар болон бусад албаны төлөөлөл, иргэд оролцлоо.

Тус үзэсгэлэн нь Монгол нутагт оршин байсан нүүдэлчдийн эртний хот, суурины талаарх мэдээлэл, агаарын зураглал бүхий гэрэл зургийн үзэсгэлэн болон “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлагаас илрүүлсэн зарим олдврорыг дээжлэн хүргэж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран цаашид Улаанбаатар хот орчмын соёлын өвийн малтлага, судалгаа, түүх соёлын өвийн сэргээн засварлалтын асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар албаны төлөөлөл онцлон тэмдэглэсэн.

Тус үзэсгэлэнг Нийслэлийн 382 жилийн ойд зориулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдана.  

Recommended Posts