“Улаанбаатарын өвлийн наадам”болж өндөрлөлөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран анх удаа нийслэлийн иргэд, жуулчдад зориулж “Улаанбаатарын өвөл-2014” үйл ажиллагааг 02 дугаар сарын 02 буюу Шинийн гуравны өдөр Туул гол дээр зохион байгууллаа.  Өвлийн наадмын үеэр мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны тэмцээн, тэшүүрийн болон уран гулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан, Улаанбаатар чуулга, Хөсөгтөн, Жонон хамтлагийн тоглолт, Торно салоны загварын үзүүлбэр, бартендерийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Өвлийн баярт хүрэлцэн ирсэн иргэддээ зориулан Хан-Уул дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид халуун хоол, ундаагаар үйлчилж тэшүүр, чарга, өвлийн дугуйны түрээсийн үйлчилгээ гарсан юм.
Эртнээс нааш Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалыг сэргээсэн, шинэлэг байдлаар зохиогдсон уг наадамд гадаад, дотоодын иргэд болон манай улсад суугаа Олон Улсын, дипломат байгууллагынхан оролцлоо.
Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог, давуу талаа гаргасан аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг зохион байгуулж жуулчдыг татдаг. Улаанбаатар хот анх удаа Өвлийн наадам зохион байгуулснаараа өөрийн гэсэн өвлийн аялал жуулчлалын эвенттэй болж байгаагаараа онцлог болсон юм.

Шинийн гуравны өдөр Улаанбаатарын өвлийн наадам болно

Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог, давуу талаа сурталчилж, аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулан жуулчдыг эх орондоо татдаг. Жишээ нь Японы Саппоро, БНХАУ-ын Харбин зэрэг өвлийн хотууд цас, мөсний баяраараа дэлхийд алдартай. Тэгвэл Улаанбаатар хот өөрийн гэсэн өвлийн наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна.
Эртнээс нааш Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалтай. Тус арга хэмжээ нь мартагдах шахаад буй уламжлалыг сэргээж мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Улаанбаатарын өвлийн наадмын үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолт болно.
Нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан “Улаанбаатарын өвлийн наадам” 02 дугаар сарын 02 буюу Шинийн гуравны өдөр Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр зохион байгуулах юм

Уран илтгэлийн уралдаан

Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ой ирэх 10-р сард болох бөгөөд ойн баярыг угтсан “10 жил 10 арга хэмжээ” аяны  эхлэл болгож дунд болон ахлах ангийн сурагчдын дунд Англи хэл дээрх уран илтгэлийн уралдаан зарлаж байна!
Уралдаанд оролцогчид Уран илтгэгч Мартин Лютер Кингийн “Би Мөрөөдөж байна” алдарт илтгэлийн сэдвийн дор өөрийн ирээдүйн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн илтгэл тавих бөгөөд илтгэлээ 2014 оны 1-р сарын 17-ны 17:00 цагаас өмнө ub_americancorner@yahoo.com хаягаар бидэнд ирүүлнэ үү!

Таны илтгэл англи хэл дээр бичигдсэн байх бөгөөд А4-н хэмжээтэй цаасны 2 хуудсанд багтсан (5мин)байх шаардлагатай.

Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс нийт 15 илтгэлийг шүүгчид 2-р шатанд шалгаруулах бөгөөд шалгарсан оролцогчид 2014 оны 1-р сарын 24-ны өдөр өөрсдийн илтгэлийг тавина.

 

Уран илтгэлийн уралдаан

 

Уралдааны Сэдэв:                                               “I Have a Dream”

 

Шалгаруулалт:                                             1-р шат -2014 оны 1-р сарын 17 -ны өдөр

2-р шат 2014 оны 1-р сарын 24-ны өдөр

 

Зохион байгуулагдах газар:                   Америкийн соёл мэдээллийн төв

 

Шагнал:                                                               1-р байр:  Kindle Fire HD
2-р байр:  Kindle Paperwhite
3-р байр:  Kindle

 

Холбогдох хаяг: Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан Америкийн соёл мэдээллийн төв, Сөүлийн гудамж-7, Улаанбаатар хотын төв номын сангийн байр.

Утас: 70115703

Электрон шуудан: ub_americancorner@yahoo.com

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/UBAmericanCorner

Уралдааны тухай мэдээллийг утсаар болон  https://www.facebook.com/events/491950570920723/ хуудсанаас авах боломжтой.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн болж өндөрлөлөө

“Улаанбаатарын мөнгөн шөнө ” Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн амжилттай болж өндөрлөлөө .  Энэхүү цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлчид ая дуугаа өргөж, он солигдох мөчийг нийслэлийн удирдлагууд,  иргэд хамтдаа угтсан юм.  Харин энэ үеэр галын аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайд галын автомашин байрлан ажилласан бол нийслэлийн Замын цагдаагийн газраас цэнгүүнд ирэх иргэдийн автомашинуудыг байрлуулах талбайг зохицуулж,  зам чөлөөлөх, хөдөлгөөний нягтралыг сааруулах зэрэг ажлыг зохион байгуулж байлаа. Шинэ жилийн цэнгүүнд ирсэн иргэд автомашинаа Улсын драмын эрдмийн театрын урд талбайд болоод Спортын төв ордон болон Хангарьд ордны зогсоолд үнэ төлбөргүй тавьсан юм. Цэнгүүний үеэр  төв талбайд цугласан иргэддээ зориулан Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 нийтийн тээвэр 00.30 цагаас эхлэн иргэдэд үйлчилж тус автобуснууд нь Чингисийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисийн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолоос  иргэдэд үйлчилсэн бөгөөд  талбайн 6 хэсэгт төвийн 6 дүүргээс хариуцан иргэдэд халуун аарц, ундаагаар үйлчлэх цэгүүдийг тус тус ажиллуулсан юм. Ийнхүү нийслэлчүүд хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярын цэнгүүн сайхан болж өндөрлөлөө.

“Улаанбаатарын Мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүний хөтөлбөр

0.00: Үлгэрийн баатрууд, алиалагч, Санта бусад амьтдын хамт улсын их дэлгүүрийн үүднээс Чингис хааны нэрэмжит талбай руу парадаар хөдлөнө. /21.00 цагт талбайд орж ирнэ/
21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн залуу хамтлагууд уран бүтээлээ толилуулна.
21.00:Colorsхамтлаг
21.20:Rec On хамтлаг
21.40:Mednessхамтлаг
22.00: Хөтлөгч: Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн уран бүтээлчдийг тайзнаа урина.
22.00:Дуучин A Cool
22.05::Реппер Цэцэ

22.15:UFO хамтлаг
22.35:Дуучин Чойжоо “Хүрч чадахгүй”
22.40:  Реппер Gee
22.45:Ub night хамтлаг
23.00: Реппер Дөлгөөн “Хорьж болохгүй хорин нас”
23.05:The Lemons хамтлаг
23.25: Аnemone хамтлаг
23.30: A Sound хамтлаг “Шал дэмий”
23.45: Хөтлөгч: Өвлийн өвгөн, цасан охидыг угтан авахыг хүснэ. Өвлийн өвгөн, цасан охидын хамт Чингис хааны талбай дээгүүр тусгайлан бэлтгэсэн автомашины парадаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.
23.45: Өвлийн өвгөн мэндчилгээ дэвшүүлнэ.
23.47:Lumino хамтлаг “Сэмбий”
23.52:Дуучин МУГЖ Т.Ариунаа “Шинэ жилийн баяр”
23.58:Хөтлөгч: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгыг тайзнаа урьж, шинэ оныг хамтдаа тоолон угтахыг урина.
23.59: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга үг хэлнэ. /Фанфар/
00.00: Салют буудна. /DJ/
00.10: DJ. Үйл ажиллагаа өндөрлөнө

Тусгаар тогтнолын талбайд Жавзундамба хутагтын хөшөөг зална

НИТХ-ын хуралдаанаар энэ сарын 29-нд тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Чингэлтэй дүүрийн V хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар төлөвлөжээ.
Энэхүү ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж нийслэлийн удирдлагуудад танилцуулжээ.
VIII Богд Жавзундамба хутагтыг (1867-1924) үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.
Тэрээр Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан,  Монголчуудын оюун ухааны их удирдагч байсан гэж түүх судлаачид үздэг.  1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж өвлийн дунд сарын шиний есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёр дугаар сарын 29-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Пиротехникийн хэрэгсэл буюу салютыг болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль,  Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” арга хэмжээг зохион байгуулж байна. НЗД-ийн 2009 оны 662 дугаар захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглосон”. НИТХ-ийн  2011 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц, түүний ойр орчинд, барилгын зоорийн давхар, задгай талбай, худалдааны төв, хүнс, барааны зах, болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдахгүй, ашиглахгүй байх” –аар зохицуулж өгсөн байдаг. Нийслэлд пиротехникийн хэрэгслийг худалдах зөвшөөрөлтэй 2 аж ахуйн нэгж нь пиротехникийн хэрэгслийг худалдсан тохиолдолд мэргэжлийн операторчноороо буудлага хийлгэх журамтай. Тиймээс иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салютыг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх, зөвшөөрөлтэй газраас нь худалдан авч мэргэжлийн хүмүүсээр  буудлага хийлгүүлэх хэрэгтэйг Нийслэлийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Хүслийн мөсөн талбай

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгууллаа. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулсан бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийджээ. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн байна. Хүслийн мөсөн  талбай  өдөр бүр 10-24 цагийн хооронд нийслэлчүүдийгээ хүлээн авна. 1 цаг талбайд гулгахад үйл ажиллагаа явуулж буй бусад мөсөн гулгуурын талбайн тарифаас 2 дахин хямд буюу 1000 төгрөг төлөх юм байна. Мөн хамт олноороо ирсэн тохиолдолд дахин хямдрал үзүүлнэ. Мөсөн гулгуурын 1 талбайд нэг дор 50-100 хүн гулгах боломжтой юм.

Нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо

Өчигдөр орой 18:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо. Дэлхийн олон оронд бие биедээ сайн сайхныг хүсэж гацуур модныхоо гэрлийг хамтдаа асаадаг уламжлал байдаг. Энэ жишгийн дагуу  НИТХ-ын дарга Д.Баттулга, Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд, нийслэлийн иргэд  төв талбайд сүндэрлэсэн сүлд модныхоо гэрлийг хамтдаа асаалаа.   Сүлд модны гэрэл асаах ёслолыг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ, “Халаагаа өгөх гэж буй 2013 онд  Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Шинэ он, шинэ жилийг хүн бүхэн сайн сайхнаар төсөөлж, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо хамтдаа угтдаг. Өнөөдөр нийслэлийн иргэд та бүхэнтэйгээ хамт шинэ жилийн хамгийн гол чимэг болсон сүлд модны гэрлийг асаах гэж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе” гэлээ. Мөн энэ үеэр МХО-ны авьяаслаг хүүхэд багачуудад нийслэлийн удирдлагууд бэлэг гардууллаа.

ОН СОЛИГДОХ МӨЧИД НИЙСЛЭЛИЙН ДӨРВӨН ЦЭГТ ЁСЛОЛЫН БУУДЛАГА БОЛНО

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэл танилцууллаа.
Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгээс баярын хөтөлбөрийн дагуу 12 сарын 15-ны өдөр болох төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа  болон 12 сарын 31-ний өдрийн баярын цэнгүүний бэлтгэл ажил хийж байна. Энэ жилийн хувьд шинэ шийдэл бүхий гэрэлтүүлэг, тоглолт, тайз засалт, гэрлэн чимэглэлээр иргэдэд өвөрмөц бэлэг барихаар төлөвлөжээ. Тухайлбал Д.Сүхбаатарын хөшөөг тойрсон 4 ширхэг торшёрт сүлд модны хэлбэртэй бүслүүр хийж цэнхэр гэрлээр, төв талбайн сүлд модыг бүхэлд нь шар гэрлээр, талбайн урд хэсэгт байрлах сэндвич байшингийн хойд талыг туузан гэрлээр чимнэ. Эдгээр гэрлэн чимэглэлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК 19,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвт тусгасан байна. Мөн сүлд модны дэргэд “Улаанбаатар 2013-2014” гэсэн бичиг, өвлийн өвгөний хамт байрлуулахад 5 сая төгрөг төсөвлөж, иргэд баярын зураг авхуулах боломжийг бүрдүүлэх юм. 12 сарын 15,31-ний өдрүүдэд болох үйл ажиллагааны том, жижиг тайзууд, гэрэлтүүлэг, хөгжим, техник, аппаратур, лед дэлгэцийг “Sound of Mongolia” ХХК хариуцаж байгаа бөгөөд 80 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ. Баярын цэнгүүний нэгэн оргил хэсэг болох Шинэ жилийн баярын ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Сонгионохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн 4 байршилд зохион байгуулахаар төлөвлөж 40.000.000 төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна. Шинэ жилийн баярын цэнгүүний Ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна. Энэ жилийн үдшийн цэнгүүн урьд жилүүдийнхээс илүү шинэлэг найруулгатай байхаас гадна их хотын залуусдаа зориулж олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгэж байгааг ажлын хэсгийнхэн онцолж байна. Тоглолтод Lumino, A sound, 3 Охин, The Lemons, Ufo, Colors, Rec On хамтлагууд, МУГЖ Сарантуяа, дуучин A Cool, Реппер Gee, Дөлгөөн, Хишигдалай, Чойжоо гээд Монголын рок попын 50 гаруй уран бүтээлч оролцох юм. Харин 12 сарын 15-ны өдрийн үйл ажиллагаанд Монголын хүүхдийн ордоны авъяаслаг уран бүтээл хүүхдүүд ая дуугаа өргөх бөгөөд нийт урлаг, уран сайхны тогтолтод 31,5 сая төгрөгийг төсөвлөжээ. Мөн иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор халуун цай, аарц, түргэн хоолны үйлчилгээнээс гадна тодорхой цэгүүдэд ил галыг зориулалтын төмөр саванд түлнэ. Ингээд нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулах тооцоог ажлын хэсгээс гаргасан байна.
Дээрх үйл ажиллагаанаас гадна дүүрэг бүрт шинэ жилийн баярыг тэмдэглэх, иргэдрүүгээ чиглэсэн хөтөлбөр гарч байгаа юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд ажлын хэсгээс гаргасан төсвийг баталж, баярын үйл ажиллагааны үеэр гарч болох эрсдэл, иргэдийн аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг үүрэг болголоо.