ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Манай орны ой төрөл бүрийн эмийн ургамлаар маш баялаг. Нийслэлийн ойн бүсэд гэхэд 18 төрлийн нэн ховор ургамал ургадаг. Эдгээрийг олон төрлийн өвчин анагаахад хэрэглэж байна. Гэтэл таны асаасан жижиг гэлтгүй гал хөрсийг шатааж гэмтээн шим тэжээллэг чанарыг нь устгаснаар ховор зүйлийн ургамал ногоо ургахаа болино. Гэмтсэн хөрс дахин сэргэхэд маш удаан хугацаа шаардлагатай. Үүгээр ч зогсохгүй элс шороог тогтоон барьж чадахгүйд хүрдэг. Тоос шороондоо дарагдсан газрыг шим тэжээллэг хөрс л тогтоон сааруулдаг юм шүү дээ.

“ХҮРЭЭ МАЙДАР СОЁЛЫН ТӨВ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

Богд Хаант Монгол Улсын нийслэл Их хүрээний төв болох Зүүн Хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотын бага тойруугийн хойд хэсэгт орших V Богд Живзундамба хутагт Богд гэгээний зарлигаар Их хүрээний Хамбо номун хан Агваанхайдав тэргүүлж, Монгол түмэн олноороо оролцож, 130-аад оны дунд үед Майдар бурхныг дуганы хамт бүтээсэн. Тухайн үед уг бурханыг наян тохой өндөр бүтээсэн талаар сурвалж бичгүүдэд дурдсан байдаг.

Тус урлагийн бүтээлийг 1940-өөд оны үед устаж алга болгосон бөгөөд Зүүн Хүрээ Дайшчойлин хийдийн захиргааны зүгээс уг бурхан болон сүмийг сэргээн барих ажлыг “Хүрээ Майдар соёлын төв” нэртэйгээр 2017 оны 05 дугаар сараас эхлэн гүйцэтгэж, одоогоор барилга угсралтын карказ цутгалт, фасад, шилэн хана, дээвэр, цонх зэрэг ажлуудыг бүрэн хийж дуусгаад байна.


Тус соёлын төв нь иргэд олон нийтийн Буддын шашны сургаалаар соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийг сурталчлан таниулах зорилгоор ресторан, кофе шоп, мини театр, шилэн гүүр, цахилгаан шат зэрэг орчин үеийн энтертайнмент хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр тус соёлын төвд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн ажиллаж, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах гарц шийдлийн талаар болон Нийслэлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллахаар ярилцлаа.

“УРЛАГИЙН ХОТ УЛААНБААТАР” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж олон нийтэд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг таниулах, дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм.

Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галларейн уран бүтээлчидтэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон Улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлж байна.

Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч бөгөөд нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээл нь дэлхийн 192 орны бүтээлүүдээс сонгогдон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулагдсан бүтээл юм.

Иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тус урлагийн бүтээлийг үзэж, сонирхохыг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ДАМБАДАРЖААЛИН ХИЙДИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АСУУДЛААР АЖИЛЛАЛАА

Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүхэн дурсгалт барилга болох Дамбадаржаалин хийдийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд сэргээн засварлах, шаардагдах зураг төсвийг боловсруулах талаар холбогдох албаны хүмүүс ажиллалаа.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 1.1.2 дахь “Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авч сэргээн засварласан байна” заалт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.7 дахь “Улс, нийслэл, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, барилга байгууламжийг бүсчлэн хувааж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно” гэж тусгасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболд, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын өвийн зөвлөлийн гишүүн, Доктор, Архитектор З.Оюунбилэг, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн болон бусад албаны төлөөлөл өнөөдөр Дамбадаржаалин хийдэд ажиллалаа.

Тус хийд нь Богдын Хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал бөгөөд тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод зэрэг нь барилгын үндсэн материал болдогоороо онцлогтой.

Сүхбаатар дүүргийн зүгээс Зонхов уулыг тахих, орчны тохижилт үйлчилгээг сайжруулах, Нийслэлийн зүгээс сэргээн засварлах зураг, төсвийг гаргуулах, өмчлөл болон хамгаалалтын бүс, газрын асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар ярилцлаа.

САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн Ням гарагийг “Соёл, урлагийн ажилтны баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Шинэ төрлийн коронавирусын цар тахлын нөхцөл байдлаас хамааран энэхүү баярыг тэмдэглэхгүй хэдий ч соёл, урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Нийт шагнагдсан албан хаагчид, уран бүтээлчиддээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.