УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейд ажиллалаа.

Улаанбаатар хотын музей нь 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Гэвч музейн зай талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг үзвэрийн танхимд дэлгэсэн бол үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг аж. Тус музейд хадгалж буй хамгийн эртний олдвор таван сая жилийн өмнөх үед холбогдох арслан зааны чулуужсан яснууд юм. Түүнчлэн чулуун зэвсгийн үе, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйл ч хадгалагддаг.

Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны харьяанд байсан тус музей нь 2020 оноос хойш Улаанбаатар хотын харьяанд орсон юм. Тухайн жилдээ төсвийн тодотголд багтсанаар музейн үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, бүтэц, зохион байгуулалтын асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдсэн. Тодруулбал, нийслэлийн харьяанд орсноор анх удаа музейн үзмэр хадгалж, хамгаалах төсөвтэй болжээ. Мөн 2016 оноос хойш тус музейд нэмэлтээр долоон төрлийн орон тоо шаардлагатай байсныг төсвийн тодотголд оруулж, ажилчдын цалин хөлс, ажлын ачааллыг шийдвэрлэж чаджээ. Боловсролын ажилтантай болсноор 2014 оноос эхлэн хотын түүх соёлыг түгээх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тогтмол ажлуудыг зохион байгуулж ирсэн байна. Тухайлбал, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад олон улсын арга зүйд нийцсэн, сонирхолтой хичээл, лекц, үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулан, мэдлэг олгох ажлыг хэрэгжүүлж иржээ.

Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт “Улаанбаатар хотын музейг олон нийтэд илүү таниулах, энд тулгарч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх талаар өнөөдөр ийнхүү уулзаж, ярилцаж байгаад маш их баяртай байна. Тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэж чадвал хэдхэн жилийн дараа хотын түүхийг өгүүлэх, стандартад нийцсэн, түүх дурсгалаа хадгалсан байртай болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн музейн үйл ажиллагаатай танилцсан албаныханд хэлж байлаа.

Харин тус музейн арга зүйч Э.Гэрэлмаа “Нийслэлийн харьяанд орсноор төсөв, санхүүгийн асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэж байгаа. Жишээлбэл, манай музей түүхэндээ анх удаа музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх төсөвтэй болсон. Үүгээрээ судалгаа, шинжилгээ хийн, музейн сан хөмрөгт зайлшгүй оруулах шаардлагатай бүтээлүүдийг нэмээд явж байгаа. Хадгалалт, хамгаалалтын тал дээр ч дэвшил гарч эхний ээлжид баримт бичгийн үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулсан. Цаашид тоног төхөөрөмжийн тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээсэн юм.

Цар тахлын нөхцөл байдлаас улбаалан музейн олон нийтэд чиглэсэн биет үйл ажиллагаа зогссон хэдий ч “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээл, “Бидний хот” нэртэй хотын түүхийг хоёр минутад өгүүлэх подкаст, “Нийслэл хүрээ” комикс цуврал болон цахим үзэсгэлэнг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулж буй цахим үзэсгэлэнг дараах http://www.ubmuseum.mn/ холбоосоор үзээрэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“БЭЛХИЙН АМНЫ ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШ”, “ТУУЛЫН ХАР ТҮНЭ ОРДОН”-Ы АРХЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨСЛҮҮД АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/496 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгаа төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй төслүүд 2021 оны 6 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба судалгааны ажил амжилттай үргэлжилж байна.

“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш” 

        “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш”  дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, D GPS багажийн тусламжтай нийт 6 язгууртны булш, 4 дагуул булшны дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байна.

              Хүннүгийн язгууртны 3 дугаар булшийг сонгон, малтлага судалгааг гүйцэтгэхэд уг булш нь 16 метр голчтой чулуун дараастай, төв хэсэгтээ эрт үед тоногдсон болохыг гэрчлэх 2 метр гүн тонуулчдын нүхний ул мөртэй байсан ба малтлагын явцад баруун урагш чиглэсэн 4 метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метрийн гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлээд байна. Одоогоор булшны малтлага 5.1 метрийн гүнд үргэлжилж байна.

“Туулын Хар түнэ ордон”

                 Хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлох зорилгоор 2х26 метр сувгийн малтлага гүйцэтгэж, 4 метр өргөн, 70 см өндөр шавраар үелэн дагтаршуулсан шороон хэрэм, гадна талаараа 4 метр өргөн, 60 см гүн сувагтай байгааг тогтоож уг сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байна. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна. 

                 Ордныг байгуулсан шороон суурь нь 34х18.5 метр хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд цайвар өнгийн шаварыг дагтаршуулан дэлдэж 2.5 метр өндөр шороон тавцан үүсгэж, шатаасан тоосгоор нямбайлан шалласан болохыг тодорхойлсон.  Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн болж байна.

              Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалуудын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураглалыг хийж байна.       Бид бүхний хамтарсан энэхүү судалгаа амжилттай хэрэгжсэнээр, археологийн малтлага судалгааг цаашид тогтмол явуулж, түүхэн дурсгалт газрыг хадгалан хамгаалж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, олон нийтэд зөв зохистой сурталчлан таниулна гэдэгт итгэлтэй байна.

“БЭЛХИЙН АМНЫ ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/496 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгаа төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран тус төслийг хэрэгжүүлэх бөгөөд  2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Обрушанки, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир болон төслийг дэмжигч болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс дээдсийн булш, оршуулга бүхий Бэлхийн амны дурсгал нь Нийслэл хотын нутаг дэвсгэрт орших бөгөөд Монгол ба бүс нутгийн хүннүгийн археологийн судалгаанд томоохон байр суурийг эзэлдэг. Монголын төдийгүй дэлхийн археологийн хосгүй нандин өв болох энэхүү дурсгалыг 1998 онд Монгол Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн байдаг.

Евразийн бүс нутагт бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын 13 цогцолбороос 9 дурсгал Монгол Улсын нутагт илэрч мэдэгдсэн нь Хүннү гүрний төв Монгол Улсын нутаг дэвсгэр байдаг. Эдгээр 9 цогцолбороос 1 дурсгал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт илэрсэн нь Бэлхийн амны хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал болно. 1961 онд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдсан Монгол-Унгарын хамтарсан судалгааны баг Бэлхийн амны 3 дагуул булшинд судалгаа явуулж морины тоног хэрэгсэл, зэр зэвсэг, төмөр эдлэл, антропологийн хэрэглэгдэхүүнийг илрүүлэн анх удаа эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ

Энэхүү хамтарсан судалгааны хүрээнд Бэлхийн амны дурсгалын бүтэц зохион байгуулалтыг тодорхойлж, олдвор эд өлгийн зүйлс, палеоанропологи, палеозоологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан он цагийн хамаарлыг тогтоон олон чухал үр дүнг бий болгож, цаашид хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ХОТЫН СОЁЛ” – “СОЁЛТОЙ БОЛГОЁ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3 дахь “Хотын соёлыг төлөвшүүлж түгээн дэлгэрүүлэх ажлыг бүх шатанд зохион байгуулна” гэсэн заалтын хүрээнд иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх “Хотын соёл” аяныг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/302 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн дагуу “Хотын соёл” аяныг “Соёлтой БолГоё” уриатайгаар өнөөдрөөс эхлүүлж байна.

Тус аянд идэвх санаачилгатай оролцож, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, харьяа байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  • “Хотын соёл” aяныг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулан байгууллагын соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлах,
  • Соёл, урлагийн газраас бэлтгэсэн соён гэгээрүүлэх нөлөөллийн контент, нэвтрүүлэг, зурагт хуудсыг байгууллагынхаа олон нийтийн сүлжээний цахим хуудас болон ажилтан, албан хаагч нараар сурталчлуулж давлагаалуулах,
  • Аяныг сурталчлах хэвлэмэл зурагт хуудсыг гудамжны самбар, нийтийн тээврийн хэрэгслүүд дээр байршуулах, видео шторкийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд түгээх ажлуудыг зохион байгуулахыг

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Харьяа байгууллагуудад үүрэг өгсөн бол

  • Аяны үйл ажиллагааг эрчимжүүлж сар бүрийн тайлан мэдээнд үнэлгээ хийж, холбогдох байгууллагуудад чиглэл өгч ажиллахыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Соён гэгээрүүлэх тасаг, Нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус үүрэг болголоо.

Хотын соёл хувь хүний соёл, ёс зүй, хотын иргэний хэрэгжүүлбэл зохих үүрэг хариуцлагаас хамааралтай асуудал байдаг. Тийм учраас төр захиргааны байгууллагаас уриалж хэрэгжүүлж буй энэхүү аянд иргэн бүр идэвх санаачилгатай оролцож, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг yриалж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“НОМЫН БАЯР” 29 ДЭХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГЛАА

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “НОМЫН БАЯР”-ын үйл ажиллагааг энэ удаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор “НОМЫН БАЯР, НОМЫН ТАНИЛЦУУЛГА” нэртэйгээр 29 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/459 дүгээр захирамжийн дагуу “НОМЫН БАЯР, НОМЫН ТАНИЛЦУУЛГА” арга хэмжээ нь улсын болон орон нутгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын тархалтаас сэргийлэх журам, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн 06 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдлаа. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь хүүхэд залууст номтой нөхөрлөх боломж, сэдлийг төрүүлэн, номыг дээдлэн хүндэлдэг, номонд дуртай хэн бүхэнд зориулагдан хүрээгээ тэлж байгаа нь бүх нийтийг соён гэгээрүүлэх томоохон үйл ажиллагааны нэг боллоо.

“НОМЫН БАЯР” 29 ДЭХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “НОМЫН БАЯР”-ын үйл ажиллагааг энэ удаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриан дор “НОМЫН БАЯР, НОМЫН ТАНИЛЦУУЛГА” нэртэйгээр 29 дэх удаагаа зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/459 дүгээр захирамжийн дагуу “НОМЫН БАЯР, НОМЫН ТАНИЛЦУУЛГА” арга хэмжээ нь улсын болон орон нутгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын тархалтаас сэргийлэх журам, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн 06 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдана. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь хүүхэд залууст номтой нөхөрлөх боломж, сэдлийг төрүүлэн, номыг дээдлэн хүндэлдэг, номонд дуртай хэн бүхэнд зориулагдан хүрээгээ тэлж байгаа нь бүх нийтийг соён гэгээрүүлэх томоохон үйл ажиллагааны нэг болж байна.

УРИЛГА

Ковидгүй зуны төлөө уриатайгаар Хотын соёл” аяныг хэрэгжүүлэх дараах ажлуудад санал ирүүлэхийг урьж байна.

  1. Хулдаасан хэвлэлийн самбарын түрээс

Санал хүлээж авах эцсийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цаг хүртэл.

Хүргүүлэх газар: Нийслэлийн Соёл, урлагийн газарт биеэр, эсхүл info@nsug.ub.gov.mn цахим хуудсаар ирүүлнэ.

УРИЛГА

Ковидгүй зуны төлөө уриатайгаар Хотын соёл” аяныг хэрэгжүүлэх дараах ажлуудад санал ирүүлэхийг урьж байна.

  1. “Хотын соёлын тухай” цуврал бичил нэвтрүүлэг
  2. “Хотын соёлын тухай” цуврал эргэцүүлэмж нэвтрүүлэг

Санал хүлээж авах эцсийн хугацаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл.

Хүргүүлэх газар: Нийслэлийн Соёл, урлагийн газарт биеэр, эсхүл info@nsug.ub.gov.mn цахим хуудсаар ирүүлнэ.

Ж.Дамдинцэрэн: Соёл, урлагийн салбарыг менежментийн эргэлтэд оруулах хэрэгтэй

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед соёл, урлагийн салбар зогсонги байдалд орсон. Нийслэлийн Соёл, урлагийн газраас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа.  

-Нийслэлийн Соёл урлагийн газар бүх нийтийн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Төрийн байгууллагуудын ажилчдын 10 хувь нь албан байгууллага дээрээ, 90 хувь нь цахимаар ажиллаж байгаа. Хэдийгээр төрийн алба хаагчдыг цахимаар ажиллуулах чиглэл ирсэн ч өнөөдрийн хувьд Нийслэлийн Соёл, урлагийн газар НОК-ын жижүүрийн үүргийг гүйцэтгэж байгаа учир бүрэн бүрэлдэхүүнээрээ, алба хаагчид маань хариуцсан дүүргүүдэд ажиллаж байна. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, вакцинжуулалт хийж байгаа газрын мэдээлэл бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газар нь 14 алба хаагчтай, 11 харьяа байгууллагатай. Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулга, музей, номын сан, салбар номын сангууд, дүүргийн соёлын орднууд гэх зэрэг байгууллагуудын 400 гаруй алба хаагч манайд харьяалагддаг.

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын 84 жилийн ой энэ жил болсон. Танай байгууллагын чиг үүрэг, зорилго юу вэ?

-1937 онд тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын 12 дугаар хурлаар дөрөвдүгээр сарын 23-нд Соёл, урлагийн газрын эхлэл тавигдсан. Үүнээс хойш нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан соёл, урлагийн бүх л ажлыг хариуцан ажиллаж байсан. Тухайлбал, соёлын довтолгоо. Нийслэлд амьдарч байгаа иргэддээ соёл, урлагаар үйлчлэх, соёлжуулах, соёл урлагийн бодлогын асуудлыг манай байгууллага хариуцан ажиллаж ирсэн түүхтэй. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд бид ойдоо зориулж, төсөл, хөтөлбөрүүд хийдэг. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй.

-Цар тахлын улмаас соёл, урлагийн арга хэмжээ тасалдаж байгаа хэдий ч хөл хорионы дараа үргэлжилнэ. Ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын чиг үүрэг бол Засгийн газрын бодлого, төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон бодлогуудыг хийж хэрэгжүүлдэг юм. Монгол Улсын хэмжээнд Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Гадаад харилцааны яамны харьяа Гадаад бодлого, соёлын газар гэсэн дөрвөн төрийн байгууллага соёл, урлагтай холбоотой ажилладаг. Нийслэлийн Соёл, урлагийн газар нутаг дэвсгэрийн хувьд зөвхөн нийслэлийн хэмжээнд гэх боловч Соёлын яамны харьяа мэргэжлийн болон бусад байгууллага нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс эдгээр байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй болдог. Мөн бүх кино театр, урлаг заал, концертын танхим, соёл урлагийн сургалтын төвүүд, караоке, бар зэрэг байгууллагуудын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгодог. НИТХ-ын 35 дугаар тогтоолын хүрээнд дээрх тусгай зөвшөөрлийг олгодог юм. Нийслэлийн Соёл, урлагийн газар хууль эрх зүйн болон бодлогын ажлуудыг түлхүү хийх зорилготой байгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн үйлчилгээний стандарт гэж байгаагүй. Үүнийг бид Стандарт, хэмжил зүйн газартай хамтран 2017 оноос хойш боловсруулж эхэлсэн. Энэ бол амархан боловсруулагдах зүйл биш. Бид өнөөдрийг хүртэл маш олон газрын саналуудыг авч боловсруулсан. Энэ стандарт удахгүй батлагдана. Соёл, урлагийн үйлчилгээний стандарт гарснаар ямар ач холбогдолтой вэ гэхээр соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэхэд ямар хэм хэмжүүр тавих вэ гэдэг ойлголтыг эхний ээлжид авна. Дутуу зүйл олон байгаа ч эхний ээлжид стандартаа гаргаад, дараа нь сайжруулаад явах нь зөв гэж бодож байгаа.

-Соёл, урлагийн салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ. Залуучууд ямар арга хэмжээг хүлээдэг вэ?

-Би Нийслэлийн Соёл, урлагийн газрыг хоёр хэсэгт хуваагддаг гэж боддог. Нэгдүгээрт, бодлогын хэсэг, нөгөө нь арга хэмжээ зохион байгуулах хэсэг. Бодлогын хэсэг өмнө нь хэлсэн стандарт болон оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудалд түлхүү ажиллаж байна. Хэдийгээр хууль нь батлагдаад гарсан ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тухайлбал, уран бүтээлчид аливаа тоглолтод оролцохдоо зохиогчийн эрхтэй дуу дуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Өнөөдрийг хүртэл караокед дуулагдаж байгаа дуу ямар ч албан ёсны зөвшөөрөлгүй байгаа. Бид 2017 онд хамтын удирдлагын байгууллагуудтай санамж бичиг зурсан. Караоке болон бусад байгууллагыг хянахын тулд автоматчилсан мониторингийн систем хэрэгтэй. Энэ систем Монголд байхгүй учир эхний ээлжид механик зохицуулалт хийсэн. Үүний хүрээнд караоке ажиллуулах зөвшөөрөл авч байгаа байгууллага хамтын удирдлагын байгууллагатай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний хураамж төлсний дараа тусгай зөвшөөрлөө авдаг болсон. Хамтын удирдлагын байгууллага авсан хураамжаа хөгжмийн зохиолч болон яруу найрагчдад хуваарилдаг. Бид цаашдаа үүнийг системд оруулна. Жишээ нь, Япон Улсад нэг цаг караокед дуулахад бүх дуу нь цаанаа бүртгэгддэг. Бүртгэгдсэн дуу болгоны ард зохиогчид байгаа. Тэдгээр зохиогчдод нэг иен ч хамаагүй очдог. Үүнийг бид хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучид маань тодорхой хэмжээний орлоготой болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн болон бусад байгууллагын тоног төхөөрөмжийн судалгаа хийх ажлыг бид хөл хорионоос өмнө эхлүүлсэн. Энэхүү судалгааг хийснээр цаашид солих, шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээлэл гарч ирнэ. Мөн тоног төхөөрөмжийг ажиллуулж байгаа боловсон хүчин мэргэжлийн байна уу, үгүй юү гэдэг судалгаа гарна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь практикаар сурсан байдаг. Тиймээс чадваржуулах ажил хийж байгаа. Бид зөвхөн тоног төхөөрөмжийн судалгаа хийгээд зогсохгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй газарт төлбөртэй тоглолт зохион байгуулах гэж байгаа бол дуучид ам барихгүй дуулж, амьд тоглолт зохион байгуулдаг байх журам гаргах юм. Тоног төхөөрөмж сайн биш байхад амьд тоглолт хийх нь зохимжгүй гэдгийг уран бүтээлчид хэлдэг. Тиймээс бид тодорхой газруудад заавал амьд тоглолт хийх зохицуулалт гаргаж байгаа юм. Үзэгчид төлбөрөө төлөөд үзэж байгаа учир амьд тоглолт үзэх ёстой. Хамгийн ойрын жишээ ОХУ-ын зарим хот заавал амьд тоглолт хийх зохицуулалт гаргасан байдаг. Иргэд төлбөрөө төлөөд ирж байхад дуучид ам бариад байгааг хэлдэг. Энэ асуудлыг бид арилгана. Уран бүтээлчид ч уран бүтээлээ чанаржуулах хэрэгтэй болох байх. Хөгжим зохиох бол маш их цаг зарцуулдаг ажил. Би Япон Улсад хөгжмийн зохиолч, урлагийн менежерээр долоон жил сурсан. Тэнд байхдаа Монголынхоо уран бүтээлчдийг аваачиж, хаврын баяр болон бусад арга хэмжээ, наадмыг зохион байгуулдаг байсан. Монголын урлаг, соёлын зохицуулалт, менежментийг нэг шат ахиулж, боловсронгуй болгох тал дээр ажиллаж байна.

-Урлагийн салбарынхан нийслэлээс юу хүсдэг вэ?

-Зөвхөн нийслэл гэлтгүй урлаг, соёлын салбарыг бүхлээр нь харах юм бол манай улс Азийн  орнуудаас түрүүлж алхсан барууны школтой улс. Манай соёлыг харахад үндэсний агуулгаас гадна европ соёлтой юм шиг харагддаг. Социализмын үед урлаг, соёлд анхаарахдаа хүний нөөцөд маш их анхаарал хандуулдаг байсан. Одоо бол мэргэжлийн удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч зэрэг мэргэжлийн хүний нөөц хоцрогдож, тасарч байна. Улс үүнд тодорхой хэмжээний бодлого гаргаж, хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй. Дууны инженер, гэрлийн инженер зэрэг мэргэжлийн хүмүүсээ бодлогоор гадаадын орнуудад сургах хэрэгтэй. Ингэж бэлтгэж авахгүй бол хөгжмийн урлаг хөгжмийн зохиолч, удирдаачгүйгээс болж маш том асуудалд ордог. Үүнийг сэргээхийн тулд нэгдүгээрт, хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, зөвхөн гадагшаа сургаад байх биш, дотооддоо сургах хэрэгтэй. Дотооддоо сургахдаа сургалтын чанараа сайжруулах, системээ шинэчлэх хэрэгтэй байна. Мөн цалингийн асуудал яригддаг. Урлаг, соёлоо менежментийн түвшинд эргэлтэд оруулахгүй бол зүгээр цалингаа нэмээд явах асуудал бол утгагүй. Уран бүтээлчид уран бүтээлээ чанаржуулах хэрэгтэй. Тэр нь эргээд бага ч гэсэн орлого олдог байх хэрэгтэй. Жишээ нь, Үндэсний урлагийн их театр хөгжимчид, дуучид, бүжигчид зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хэрэв улс гэрээ хийж чадвал Япон Улсад маш том хэмжээний тоглолт хийх боломжтой. Зөвхөн нэг хотод биш, олон хотод тоглолт хийж болж байна. Өнөөдрийг хүртэл Японд монголчууд зохион байгуулалтыг нь хийж тоглосон тоглолт маш цөөн. Ихэвчлэн япончууд урьж, зохион байгуулсан байдаг. Япончууд ажлаа эрт төлөвлөдөг улс. Хэрэв бид өнөөдөр гэрээлээд, энэ урсгалд орж чадах юм бол Үндэсний театрын 100 уран бүтээлчдээс тал нь гадаадад тоглолт хийдэг болно. Арваннэгдүгээр сард Японд, арванхоёрдугаар сард Хятадад, нэгдүгээр сард Солонгост гээд дэлхийд тоглолтоо борлуулах боломжтой юм. Энэ нь Монголын соёл, урлагаа сурталчлахаас гадна уран бүтээлчид нэмэгдэл цалин хөлстэй болно.

-Цар тахал соёл урлагийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Коронавирусийн тархалтаас болж соёл, урлагийн ажлууд зогсонги байдалтай байна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа соёл, урлагийн салбарын хүмүүс тодорхой хэмжээнд цалингаа аваад явж байна. Хамгийн хүнд тусаж байгаа хүмүүс бол чөлөөт уран бүтээлчид. Бид чөлөөт уран бүтээлчдээ дэмжих, эдийн засгийн эрэлтэд оруулах, гаднын зах зээлд борлуулалт хийх зэрэг менежментийг хийхгүй бол зөвхөн Монголдоо уран бүтээлээ хийгээд амьдарна гэвэл хэцүү. Өнөөдөр коронавирус гарч байна, хойшид ямар нөхцөл үүсэхийг бид мэдэхгүй. Тиймээс эдийн засгийн эргэлтэд оруулахад улс бодлогоор дэмждэг, зохион байгуулдаг, нөгөөтэйгүүр чөлөөт уран бүтээлчид маань нэгддэг, хамтран оролцдог байх зохион байгуулалтад орох хэрэгтэй. Соёлын яам байгуулагдсанаар маш их хүлээлт үүссэн. Соёл, урлагийн салбараа бодлогоор дэмжээд явах байх гэж найдаж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газар Соёлын яамтайгаа хамтран ажиллана.

-Нийслэлчүүддээ хандаж юуг уриалах вэ?

-Соёл, урлагийн салбарыг хүмүүс янз бүрээр хардаг. Бүх нийтийн бэлэн байдлын үед “Карантин 14” гэдэг нэвтрүүлэг гарсан. “Ододтой бүжиглэе” шоу гарч байна. Урлагийнхан маань чадах чинээгээрээ иргэддээ эерэг зүйл үзүүлж, дархлааг нь дэмжихээр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Соёл, урлаг бол нэг тал руу хэлбийгээд байдаг салбар биш гэж би боддог. Энэ салбарынхан бүх хүний нүдэнд ил байдаг. Нийслэлээс гаргаж байгаа “UB хамтдаа” уриалгыг соёл, урлагийнхан дэмжин ажиллаж байгаа. Хатуу хөл хорионы үед дэглэмээ сайтар баримтлахыг уриалж байна. Иргэд идэвхтэй оролцохгүй бол үр дүн муу болно гэдгийг бүгд харж байна. Иргэд дэглэмээ сайтар баримталбал бид энэ цар тахлыг даван туулна. Өнөөдрийн байдлаар 110 цэг дээр 50 мянган иргэнийг дархлаажуулах төлөвлөгөө гарсан байна. Үүний цаана маш олон төрийн алба хаагч ажиллаж байдаг. Өнөөдрийн байдлаар 1361 албан хаагч ажиллаж байна. Иргэд гэртээ байхдаа үр дүнтэй, сурч боловсрох, дархлаагаа дэмжихэд цагаа зарцуулаасай гэж хүсэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн Соёл, урлагийн газрын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1937 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар хурлаар батлагдсан “Улаанбаатар хотыг захирах яамны дүрэм”-ийн 4 дүгээр бүлэгт Ардын соёл, боловсролын хэлтэс байхаар тогтоож, уг хэлтэст клуб, улаан булангийн байцаагчийн орон тоо бий болсноор Улаанбаатар хотын захиргаанд соёлын ажил хариуцсан бүтэц, орон тоо бий болж, Нийслэлийн Соёл, урлагийн газрын анхны эх үүсвэр тавигдсан түүхтэй.

Нийслэлийн Соёл, урлагийн газар нь байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, хот суурин газарт амьдрах соёлд төлөвшүүлэх, урлагийн олон төрөл зүйлийг хөгжүүлэх, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн 84 хаврыг үджээ.

Энэ байгууллагаар овоглож, ажил амьдралаа холбосон үе үеийн удирдлага, ажилтан албан хаагч, хамт олон, ахмад уран бүтээлчид та бүхэнд 84 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.