Тусгаар тогтнолын талбайд Жавзундамба хутагтын хөшөөг зална

НИТХ-ын хуралдаанаар энэ сарын 29-нд тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Чингэлтэй дүүрийн V хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар төлөвлөжээ.
Энэхүү ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж нийслэлийн удирдлагуудад танилцуулжээ.
VIII Богд Жавзундамба хутагтыг (1867-1924) үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.
Тэрээр Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан,  Монголчуудын оюун ухааны их удирдагч байсан гэж түүх судлаачид үздэг.  1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж өвлийн дунд сарын шиний есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёр дугаар сарын 29-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Пиротехникийн хэрэгсэл буюу салютыг болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль,  Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” арга хэмжээг зохион байгуулж байна. НЗД-ийн 2009 оны 662 дугаар захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглосон”. НИТХ-ийн  2011 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц, түүний ойр орчинд, барилгын зоорийн давхар, задгай талбай, худалдааны төв, хүнс, барааны зах, болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдахгүй, ашиглахгүй байх” –аар зохицуулж өгсөн байдаг. Нийслэлд пиротехникийн хэрэгслийг худалдах зөвшөөрөлтэй 2 аж ахуйн нэгж нь пиротехникийн хэрэгслийг худалдсан тохиолдолд мэргэжлийн операторчноороо буудлага хийлгэх журамтай. Тиймээс иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салютыг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх, зөвшөөрөлтэй газраас нь худалдан авч мэргэжлийн хүмүүсээр  буудлага хийлгүүлэх хэрэгтэйг Нийслэлийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Хүслийн мөсөн талбай

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгууллаа. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулсан бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийджээ. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн байна. Хүслийн мөсөн  талбай  өдөр бүр 10-24 цагийн хооронд нийслэлчүүдийгээ хүлээн авна. 1 цаг талбайд гулгахад үйл ажиллагаа явуулж буй бусад мөсөн гулгуурын талбайн тарифаас 2 дахин хямд буюу 1000 төгрөг төлөх юм байна. Мөн хамт олноороо ирсэн тохиолдолд дахин хямдрал үзүүлнэ. Мөсөн гулгуурын 1 талбайд нэг дор 50-100 хүн гулгах боломжтой юм.

Нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо

Өчигдөр орой 18:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо. Дэлхийн олон оронд бие биедээ сайн сайхныг хүсэж гацуур модныхоо гэрлийг хамтдаа асаадаг уламжлал байдаг. Энэ жишгийн дагуу  НИТХ-ын дарга Д.Баттулга, Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд, нийслэлийн иргэд  төв талбайд сүндэрлэсэн сүлд модныхоо гэрлийг хамтдаа асаалаа.   Сүлд модны гэрэл асаах ёслолыг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ, “Халаагаа өгөх гэж буй 2013 онд  Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Шинэ он, шинэ жилийг хүн бүхэн сайн сайхнаар төсөөлж, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо хамтдаа угтдаг. Өнөөдөр нийслэлийн иргэд та бүхэнтэйгээ хамт шинэ жилийн хамгийн гол чимэг болсон сүлд модны гэрлийг асаах гэж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе” гэлээ. Мөн энэ үеэр МХО-ны авьяаслаг хүүхэд багачуудад нийслэлийн удирдлагууд бэлэг гардууллаа.

ОН СОЛИГДОХ МӨЧИД НИЙСЛЭЛИЙН ДӨРВӨН ЦЭГТ ЁСЛОЛЫН БУУДЛАГА БОЛНО

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэл танилцууллаа.
Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгээс баярын хөтөлбөрийн дагуу 12 сарын 15-ны өдөр болох төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа  болон 12 сарын 31-ний өдрийн баярын цэнгүүний бэлтгэл ажил хийж байна. Энэ жилийн хувьд шинэ шийдэл бүхий гэрэлтүүлэг, тоглолт, тайз засалт, гэрлэн чимэглэлээр иргэдэд өвөрмөц бэлэг барихаар төлөвлөжээ. Тухайлбал Д.Сүхбаатарын хөшөөг тойрсон 4 ширхэг торшёрт сүлд модны хэлбэртэй бүслүүр хийж цэнхэр гэрлээр, төв талбайн сүлд модыг бүхэлд нь шар гэрлээр, талбайн урд хэсэгт байрлах сэндвич байшингийн хойд талыг туузан гэрлээр чимнэ. Эдгээр гэрлэн чимэглэлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК 19,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвт тусгасан байна. Мөн сүлд модны дэргэд “Улаанбаатар 2013-2014” гэсэн бичиг, өвлийн өвгөний хамт байрлуулахад 5 сая төгрөг төсөвлөж, иргэд баярын зураг авхуулах боломжийг бүрдүүлэх юм. 12 сарын 15,31-ний өдрүүдэд болох үйл ажиллагааны том, жижиг тайзууд, гэрэлтүүлэг, хөгжим, техник, аппаратур, лед дэлгэцийг “Sound of Mongolia” ХХК хариуцаж байгаа бөгөөд 80 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ. Баярын цэнгүүний нэгэн оргил хэсэг болох Шинэ жилийн баярын ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Сонгионохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн 4 байршилд зохион байгуулахаар төлөвлөж 40.000.000 төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна. Шинэ жилийн баярын цэнгүүний Ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна. Энэ жилийн үдшийн цэнгүүн урьд жилүүдийнхээс илүү шинэлэг найруулгатай байхаас гадна их хотын залуусдаа зориулж олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгэж байгааг ажлын хэсгийнхэн онцолж байна. Тоглолтод Lumino, A sound, 3 Охин, The Lemons, Ufo, Colors, Rec On хамтлагууд, МУГЖ Сарантуяа, дуучин A Cool, Реппер Gee, Дөлгөөн, Хишигдалай, Чойжоо гээд Монголын рок попын 50 гаруй уран бүтээлч оролцох юм. Харин 12 сарын 15-ны өдрийн үйл ажиллагаанд Монголын хүүхдийн ордоны авъяаслаг уран бүтээл хүүхдүүд ая дуугаа өргөх бөгөөд нийт урлаг, уран сайхны тогтолтод 31,5 сая төгрөгийг төсөвлөжээ. Мөн иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор халуун цай, аарц, түргэн хоолны үйлчилгээнээс гадна тодорхой цэгүүдэд ил галыг зориулалтын төмөр саванд түлнэ. Ингээд нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулах тооцоог ажлын хэсгээс гаргасан байна.
Дээрх үйл ажиллагаанаас гадна дүүрэг бүрт шинэ жилийн баярыг тэмдэглэх, иргэдрүүгээ чиглэсэн хөтөлбөр гарч байгаа юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд ажлын хэсгээс гаргасан төсвийг баталж, баярын үйл ажиллагааны үеэр гарч болох эрсдэл, иргэдийн аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг үүрэг болголоо.

Чингис хааны талбайд мөсөн гулгуурын талбай байгуулна

Улаанбаатар хотод өвлийн улиралд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, зориулалтын соёл амралтын газрууд дутагдалтай байдаг. Дүүргүүд нутаг дэвсгэртээ мөсөн гулгуурын талбай байгуулдаг ч стандарт, шаардлагад нийцсэн талбай байхгүй байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгуулахаар боллоо. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулах бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийднэ. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн байна. Талбайн ашиглалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцаж, талбай бүрт 3-4 ажилтан ажиллана. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын 2 талбай 12 сарын 15-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхлэх юм.

 

“Монгол уран бичлэг” ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдлээ

Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Бакуд энэ сарын 2-нд эхэлсэн юм. 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн 157 гишүүн оролцож буй уг хуралдаанд манай улсаас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ сарын 7 хүртэл үргэлжлэх тус хуралдаанаар ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшүүлсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг хэлэлцэнэ.

Харин ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшсэн монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг удирдах хорооны 24 гишүүн орон хүн төрөлхтний соёлын өв хэмээн санал нэгтэйгээр баталж, өчигдөр албан ёсоор ЮНЕСКО-д бүртгэлээ. Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад олон улсын соёлын биет бус 11 өв нэр дэвшиж, тивүүдийн төлөөлөл болох Монгол Улс, Азербайжан, Гватемал, Уганда улсын өв бүртгэгджээ.

Дашрамд дурдахад, Монголын уран бичлэг манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн тав дахь өв болж байгаа. Өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг, бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил битүү амьсгаа зэрэг өв бүртгэгдсэн юм.

Төв талбайн сүлд модоо засаж байна

Нийслэлийн Засаг даргын  “Шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах тухай” А/1024 тоот захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл ажиллаж байгаа юм. Баярын хөтөлбөрийн дагуу  Их эзэн Чингис хааны талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр асаахаар төлөвлөсөн бөгөөд сүлд модыг засах ажил үргэлжилж байна. Харин баярын цэнгүүн 12 дугаар сарын 31-ний үдэш Чингис хааны талбайд болно.

Шинээр 99 цэгт үнэгүй WiFi үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Нийслэлийн иргэд хотынхоо хаанаас ч интернетэд холбогдож, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газар  Kewiko компанитай хамтран Улаанбаатар хотод байгаа утасгүй интернетийн үнэгүй WiFi  бүсүүдийн тоог нэмж  шинээр 99 цэгт үнэгүй WiFi үйлчилгээг суурилууллаа. Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтод тусгагдсаны дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг ил тод, нээлттэй болгон төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэн, цахим засаглал “Ухаалаг Улаанбаатар”-ыг хөгжүүлэх бодлогын хүрээнд тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна. Иргэн та дараахь цэгүүдэд WiFi үйлчилгээ үнэгүй ашиглана уу.
Үнэгүй WiFi үйлчилгээ суурилуулсан газруудын нэрс:
  1. Геологийн төв лаборатори
  2. Драгон төвийн төрийн банк
  3. Драгон төвийн цагдаагийн иргэдэд үйлчлэх төв
  4. 3,4-р хорооллын эцэс ACE зочид буудал
  5. 3,4-р хорооллын эцэс Шонхор караоке
  6. 3,4-р хороолол NEXT PLAZA
  7. 3,4-р хороолол Ундрам төв
  8. 3,4-р хороолол Төрийн банк өргөө салбар
  9. 3,4-р хороолол Ариунаа үсчин
  10. 3,4-р хороолол Монгол фитнес төв
  11. 3,4-р хороолол Өргөө кино театр
  12. 3,4-р хороолол Баянгол их дэлгүүр
  13. 3,4-р хороолол Номин их дэлгүүр
  14. 3,4-р хороолол PYRAMID төв
  15. 3,4-р хороолол Noodle house
  16. 3,4-р хороолол Tumen plaza
  17. 3,4-р хороолол Арвай паб
  18. 3,4-р хороолол S-PUB
  19. 3,4-р хороолол 10000 нэрийн бараа
  20. 3,4-р хороолол Хаан бууз
  21. 3,4-р хороолол Аз их дэлгүүр
  22. Гандан тэгчилэн хийдийн урд гудамж 1
  23. Гандан тэгчилэн хийдийн урд гудамж 2
  24. Гандан тэгчилэн хийдийн урд гудамж 3
  25. 25-р эмийн сан Лион паб
  26. Төмөр замын сургууль кемпаб2 кафе
  27. ТБД андууд S-PUB2
  28. Сод монгол шатхуун түгээх CAR WASH машин угаалга
  29. Барилгын колледж
  30. Баруун дөрвөн зам NEXT PLAZA
  31. Баруун 4 зам Нийслэл паб
  32. Баруун 4 зам Lily паб
  33. Центер пойнт Матрикс салон
  34. Центер пойнт TSE паб
  35. Мэргэжилтний 20 Өнөсайхан ломбард
  36. Мэргэжилтний 20 Шимт бууз
  37. Улсын их дэлгүүрийн урд талын пантам1
  38. Улсын их дэлгүүрийн урд талын пантам2
  39. Улсын их дэлгүүрийн урд талын пантам3
  40. Цирк
  41. Сөүлийн гудамж Голомт хотхон Талст дэлгүүр
  42. Сөүлийн гудамж BDS  ресторан
  43. Сөүлийн гудамж Наран плаза
  44. Сөүлийн гудамж Greese салон
  45. Сөүлийн гудамж цагдаагийн иргэдэд үйлчлэх төв
  46. Сөүлийн гудамж Төрийн банк
  47. Сөүлийн гудамж Цүки хаус
  48. Сөүлийн гудамж Air Express билетийн касс
  49. Сөүлийн гудамж Air Market
  50. Драмын театр
  51. Хүнсний 20 Seoul салон
  52. Хүнсний 20 Сүвинер хаус
  53. Хүнсний 20 Туна электроникс
  54. Хүнсний 20 Эрэл банк
  55. Цэцэг төв UB зоог
  56. Цэцэг төв Бухара ресторан
  57. Ард кино театр Үндэсний зоог
  58. Ард кино театр  Ким духан ресторан
  59. Хүнсний 1 Толла сүпермаркет
  60. Хүнсний 1 Тайж кафе
  61. Хүнсний 1 Хас гоёл
  62. Урт цагаан 1
  63. Урт цагаан 2
  64. Урт цагаан 3
  65. Анкарагийн гудамж London паб
  66. Анкарагийн гудамж Хас гоёл
  67. Анкарагийн гудамж Midlands паб
  68. Анкарагийн гудамж СУЙС
  69. Их сургуулийн гудамж Gate кафе
  70. Их сургуулийн гудамж Losbandidos ресторан
  71. Их сургуулийн гудамж Ялгуун паб
  72. Их сургуулийн гудамж МУЙС Эдийн засгийн сургууль
  73. Сүхбаатарын талбай Үйлдвэрчний эвлэл
  74. Сүхбаатарын талбай Соёлын төв ордон
  75. Сүхбаатарын талбайн урд талын сад
  76. Централ тоур
  77. Тусгаар тогтнолын ордон
  78. МУБИС уулзвар Боловролын газар
  79. МУБИС Fast food
  80. Багш хөгжлийн төв
  81. Арслантай гүүр Гүн паб
  82. ХААЯ Coffee shop
  83. ХААЯ Хонгилдон ресторан
  84. Бөхийн өргөө Терра ресторан
  85. Бөхийн өргөө Хөх нуруут
  86. Сайд нарын 2-р эмнэлэг
  87. 13-р хороолол Төрийн банк
  88. 13-р хороолол Голомт банк
  89. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1
  90. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2
  91. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 3
  92. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 4
  93. Зайсан бурхантай хөшөө
  94. Ялалтын талбай
  95. Барилгачдын талбай
  96. Явуухулангийн талбай
  97. Оюутан тайлбай
  98. Спортын төв ордон
  99. НИК ХХК Tai shop

Шинэ жилийн баярын сүлд модны гэрлийг 12 сарын 15-нд асаана

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 23-ны өдөр болж, Шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсгийг байгуулахаар болж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэлийг ажлуулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 12 сарын 15-ны өдөр, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын цэнгүүнийг 12-р сарын 31-ний өдөр их эзэн Чингис хааны талбайд хийхээр төлөвлөлөө.