“Номын их хүрээг нээсэн нь Сарьдагийн хийдийн судалгаа” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворууд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор “Номын их хүрээг нээсэн нь” буюу “Сарьдагийн хийдийн судалгаа” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын их хурлын дарга З.Энхболд, Улсын их хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин болон бусад албаны төлөөлөл, лам хувраг, судлаач, иргэд оролцлоо.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших сүм сууринг Өндөр гэгээн Занабазар 1654 оноос бариулж эхлэн 1680-аад онд дуусгасан нь Халхын шарын шашны төв Төгс баясгалант Номын Их хүрээ мөн хэмээн түүхчид үздэг. Тус хийдин малтлага судалгааг 2 жилийн турш малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй зүйлсийг дэлгэн үзүүлж буй юм.

Үзэсгэлэн 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“Номын их хүрээг нээсэн нь Сарьдагийн хийдийн судалгаа” ТУСГАЙ үзэсгэлэн болно

Үзэсгэлэнгийн тухай:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөтөлбөр батлах тухай” 19/24 дугаар тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворууд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй Занбазарын урласан хосгүй бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.

Сарьдагийн хийдийн тухай:

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших сүм сууринг Өндөр гэгээн Занабазар 1654 оноос бариулж эхлэн 1680-аад онд дуусгасан нь Халхын шарын шашны төв Төгс баясгалант Номын Их хүрээ мөн хэмээн түүхчид үздэг.

Өндөр гэгээн Занабазар бурхны шашныг дэлгэрүүлэхээр Монгол нутагт Баруун Хүрээ, Төвхөн, Номын Их Хүрээ, Зүүн Хүрээ зэрэг сүм хийдийг байгуулж байсан байна. Тус үзэсгэлэнд Сарьдагийн хийдэд хийсэн 2 жилийн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй зүйлсийг дэлгэн үзүүлж буй юм.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Үзэсгэлэн 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.

Занабазарын амьдрал, уран бүтээлийн талаар:

Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтгэн, бурхны шашны тэргүүн анхдугаар Богд Жибзундамба хутагт буюу Өндөр гэгээн Занабазар нийтийн тооллын 1635 онд, билгийн тооллын насан төгөлдөр хэмээх хөхөгчин гахай жилийн 9-р сарын 25-нд Түшээт ханы нутаг Есөн зүйл хэмээх газарт (одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутаг) Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. 1639 онд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой тэргүүтэй Халхын ноёд Ширээт цагаан нуурт чуулж, түүнийг 5 настай байхад нь Халхын бурхны шашны тэргүүнээр өргөмжилж, өөрсдийн харьяатаас 108 бандийг шавь болгон өргөжээ. Өндөр гэгээн нь Чингис хааны алтан ургийн язгууртан бөгөөд XVII зууны үеийн улс төр, шашны нөлөө бүхий зүтгэлтэн байжээ. Тэрээр ном эрдэмд гэгээрсэн хуврага төдийгүй уран баримал, зураг, уран барилга, яруу найраг зэрэг урлагийн төрлөөр мэргэшсэн уран бүтээлч хүн юм. Занабазарын урласан бүтээлээс “Хорин нэгэн дара эх”, “Цагаан, ногоон дара эх”, “Язгуурын таван бурхан” зэрэг бурхны баримлууд нь Монголд төдийгүй дэлхийд “Занабазарын хийц” гэдгээр алдаршжээ.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ОЮУТАН ТОГООЧ ”ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэлийн Эдийн засаг Нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан залуучуудыг архи, тамхи, мансуурлын хорт хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор оюутны чөлөөт цагт зориулсан “Оюутан тогооч” өдөрлөгийг 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгууллаа.

Өдөрлөг нийтдээ 2000 орчим хамрагдсан бөгөөд эхний шатны шалгаруулалтыг 2015 оны 04 дүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд ШУТИС, Сэтгүүлч коллежуудад зохион байгуулж, төгсгөлийн шатны шалгаруултад 28 оюутан өөрсдийн хоолыг хийж оролцсон. Өдөрлөгийн үйл ажиллагаанд албаны болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, оюутнууд оролцсон.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын профессор, доктор Н.Галиймаа нар нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Хоол бол хүний хэрэглээнээс давж, өдгөө дэлхий дахинд хоолны соёл, хоол хийх урлаг, хооллох соёл зураг ойлголтууд чухал асуудал болсон бөгөөд энэ нь оюутан залуучуудыг архи, тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, зөв соёлд уриалан дуудсан ажил болж, цаашид хүрээгээ улам бүр тэлж зохион байгуулах талаар албан хүмүүс дурдсан.

Шүүгчээр ШУТИС-ийн БуХС-ийн багш Доктор, дэд профессор Д.Наранцацралт, ШУТИС-ийн ҮТС-ийн багш Ц.Ганчимэг, хүсний технологич Х.Батмөнх нар ажилласан. Нэгдүгээр байранд ШУТИС-ийн ҮТС-ийн оюутан Б.Тамир, Хоёрдугаар байранд ШУТИС-ийн БуХС-ийн оюутан Б.Оргилмаа, гуравдугаар байранд БуХС-ийн оуютан Гулжанаат, Тусгай байранд Сэтгүүлч дээд сургуулийн оюутан С.Нарангарав нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүлээр шагнууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН ГОМБОДОРЖИЙН ЖАМЪЯНГИЙН НЭРЭМЖИТ МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЧДЫН ОЛОН УЛСЫН IV УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН ГОМБОДОРЖИЙН ЖАМЪЯНГИЙН НЭРЭМЖИТ МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЧДЫН ОЛОН УЛСЫН IV УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Морин хуур хөгжим нь нэн эртний гарвалтай бөгөөд монголын ард түмний эв нэгдэл, шүтэн барилдлага, бэлгэдэл хүндэтгэлийн нэгдмэл цогц, зуунаас зуунд түүхийн амьд хэл болж ирсний учир Эзэн Богд Чингис хааны үеэс төр түмний минь хойморт залрах эрхэм хүндэтгэлийг олж авсан бизээ.

Энэ уламжлалаа сэргээж Монгол Улсын Ерөнхийлөгч 1992 онд “Төрийн Хан Хуур залах тухай”, 2002 онд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг тус тус буулгасан билээ. Мөн 2003 онд ЮНЕСКО – гоос морин хуур хөгжмийг хүн төрөлхтний оюуны үнэт өвөөр бүртгэн дэлхий дахинаа зарлан тунхагласан юм.

Морин хуурын өв соёлоо судлаж, хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор Монголын Ардын Уламжлалт Урлагийг Хөгжүүлэх “Икэл” сан, Монголын Морин Хуурын Төвөөс санаачлан 2002, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Төрийн их хуурч Г.Жамъянгийн нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын улсын I, II уралдаан, 2007 онд Уралдааны Зохион Байгуулах Хорооны шийдвэрээр III уралдааныг олон улсын уралдаан болгон зарлаж 2010 онд амжилттай зохион байгуулсан юм. Ийнхүү IV уралдааныг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 7 сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар зарлаж байна.

Удирдамж татах

 

ТАЙВАНЬ ДАХЬ УЛААНБААТАР ХОТЫН СОЁЛЫН ӨДРҮҮД

Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад 2015 оны 01 дүгээр сарын 22-ноос 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны нээлтийг 01 дүгээр сарын 24-ний өдөр Хуалень хотын Вандана хийдэд “Монгол гэр” –ийн нээлтээр эхлүүлж морин хуур, хөөмийн түрлэг өргөж, гэрийн ерөөл айлдав. Нээлтэд Вандана хийдийн хамба лам Уй Си, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг, НЗДТГ-ын НХБХ-ийн дарга М.Отгонбаяр, Тайпэй дахь Улаанбаатар хотын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн С.Элбэг болон бусад албаны төлөөлөл оролцож үг хэлсэн.

Соёлын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн уран бүтээлийн үзэсгэлэнг Тайваны Хуалень хотын Вандана хийдийн Соёл, урлагийн төв дэлгэн, Вандана хийдийн хамба лам Уй Си болон Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид нар нээж үг хэлэв.
Хуалень хот дахь концертыг Вандана хийдийн хамба лам Уй Си, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар нээж үг хэлэн, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын опера эмэгтэй дуучдын бүрэлдэхүүнтэй урлагийн багийнхан Хуалень хотын иргэдэд Монголын уламжлалт урлаг болох морин хуур, хөөмий, уртын дуу, бүжиг, цохивор болон үлээвэр хөгжим болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулсан.

01 дүгээр сарын 26-ны өдөр Тайпэй хот дахь Жун Сань хэмээх мэргэжлийн урлагийн тоглолотын ордны тайзнаа зохион байгуулсан Улаанбаатар чуулгын уран бүтээлийн тоглолтын найруулга, уран бүтээлчдийн ур чадвар, нүүдэлчдийн соёлын давтагдашгүй хосгүйг Тайвны ард иргэд биширсэн. Тэр дундаа цамын бүжиг, морин хуур, хөөмий, лимбэний битүү амьсгаа зэргийг бахдан биширч, манай уран бүтээлчдийг 2015 оны намар Тайпэй хотод урьж, хамтарсан тоглолт зохион байгуулах санал ирсэн.

Баянхошуунд амьдардаг хүүхдүүд гэрийнхээ ойролцоо дугуйланд хамрагдах боломжтой боллоо

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2014, 2015 оны зорилтын хүрээнд нийслэлийн хүүхдүүдийг чөлөөт цагаараа өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх боломжоор хангах зорилгоор Монголын хүүхдийн ордоны салбаруудыг бусад дүргүүдэд тэр дундаа хотын захын гэр хороололд байгуулахаар төлөвлөн ажилласан.
Үүний эхлэл болж Баянхошуунд анхны салбараа нээлээ. Салбар дугуйлан нь таван танхимтай, мэргэжлийн арван багштай бөгөөд 540 гаруй хүүхдийг дугуйландаа хамруулах боломжтой. Одоогоор дуулаач, бүжиг, шатар, драм, уран зохиолын дугуйлан хичээллэнэ. Цаашид салбар дугуйланг Баянзүрх дүүргийн Шар хад, Дарь-Эх, Чингэлтэй дүүргийн Хайлаастад нээхээр ажиллаж байгаа юм.
Салбар дугуйланд ажиллах багш нарын цалин, урсгал зардал гэх зэрэг санхүүгийн асуудлыг нийслэлээс бүрэн шийдвэрлэж 2015 оны төсөвт тусгасан. Харин Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага тус үйл ажиллагааг дэмжиж, эхний ээлжинд өөрийн байранд хичээллэх боломжийг олгожээ. Дашрамд дурдахад тухайн нутаг дэвсгэрт амьдардаг бяцхан хүүхдүүд Монголын Хүүхдийн ордоны салбар дугуйланд үнэ төлбөргүй хичээллэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Хууртай мөнхрөх аялгуу-2014” уралдаан

Нийслэлийн соёл урлагийн газар, Налайх дүүргийн ЗДТГ, дүүргийн соёл урлагийн ордонтой хамтан дээрх уралдааныг 9 дэх жилдээ зохион байгуулж байна.

Уралдаанд нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Багахангай , Багануур, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдээс нийт 30 гаруй уртын  дуучид оролцлоо.

Оролцогчид 3-н насны ангиллаар 2 үе шаттайгаар өрсөлдлөө.

Тус наадмын шүүгчээр СУИС-ийн уртын дууны багш, МУГЖ Ц.Дэлгэр, СУИС-ийн морин хуурын багш МУСТА О.Баттөгс,Налайх дүүргийн Соёл урлагийн ордны дарга МУСТА С.Баасанхүү нар ажиллав.

Бага насны ангилалд: /10-16/

1-р байр: Б.Мэндсайхан /НД/

2-р байр: Х.Нарангарав /НД/

3-р байр: Б.Энхзул /БЗД/

Тусгай байр: Т.Үлэмжмаа /ЧД/

Дунд насны ангилалд: /17-30/

1-р байр: А.Мядаг /БЗД/

2-р байр: Э.Гочоо /ЧД/

3-р байр: Н.Хулан /ЧД/

Тусгай байр: С.Цэрэндулам /БХД/

Ахлах насны ангилалд: /31-с дээш/

1-р байр: Ц.Мөнхбаяр

2-р байр: Д.Алтаншагай

3-р байр: В.Нанжидсүрэн

Тусгай байр: Р.Хандсүрэн

Гран-при Ш.Отгонбаяр /НД/

 

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян агсаны нэрэмжит хүндэтгэлийн тоглот болно

Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян агсаны 95 насны ой энэ онд тохиож байна.

Г.Жамъян агсаны үр хүүхдүүд болон Жамъян сан, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж хамтран 2014 оны 11 дүгээр сарын 27–ны өдрийн 17 цагаас  Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж байна.

Тоглолтод: Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол улсын Морин хуурын чуулга, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд уран бүтээлээ толилуулахаас гадна Жамъян багшийн үр хүүхдүүд ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүлнэ.

“Цөмөөхэй” балет бүжгэн жүжигт тоглох хүүхдүүдийн бүртгэл эхэллээ.

“Цөмөөхэй балет”

НЗДТГазраас толилуулж буй “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн ДБЭТеатрт 2014 оны 12-р сарын 24-нөөс 28-ны хооронд тавих гэж байна.

Цөмөөхэй балет нь шинэ жилийн уур амьсгалыг нэмэгдүүлж, гэр бүлээрээ хамт  сонгодог орчинд баяраа тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг олгох, мөн хүүхэд залуусын сонгодог урлагын боловсролд өчүүхэн бага боловч хувь нэмэр оруулах олон сайн талтай хэмээн Монголын Балетын Хөгжил Сан зорин ажиллаж байна. Мөн тоглолтын нэгэн онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог хүсэл эрмэлзэлтэй 8-12 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагын сайхныг мэдэрч өөрийгөө нээх боломж олгож байгаа юм.

Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн УДБЭТеатрын касс болон жижүүр дээр 11 сарын 19 ны дотор биечлэн авчирч өгнө. Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Шалгарсан хүүхдүүд  Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх  мэт орнууд мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн синфоний найрал хөгжимтэй бүжих болноо.

Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.

 

  1. 1.      НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХСангийн байранд хүлээлгэн өгөх.
  2. 2.      МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/
  3. 3.      УДБЭТеатрын веб хуудас болон касс
  4. 4.      “Балет Студи 22” сургуулийн байр. /Хан-Уул дүүрэг, Рапид харш хороолол, 30-р байр 99178655, 99029050/

Бүртгэлийн хуудсыг  татах

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ 22 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ БАЙГУУЛАГДСАНЫ 375 ЖИЛИЙН

ОЙД ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ,

 АРДЫН ЖҮЖИГЧИН ДАГВЫН ЛУВСАНШАРАВ АГСНЫ НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН

 НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ 22 ДАХЬ УДААГИЙН

 УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл  дор уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдааныг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулаа.

Уралдааны анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдэд 2014 оны 10 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд, хоёрдугаар шатны шалгаруулалтыг Монголын Хүүхдийн ордонд 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Анхан шатны шалгаруулалтанд Нийслэлийн 9 дүүргийн 74 сургуулийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтанд 9 дүүргийн 21 сургуулийн 1530 хүүхэд, 27 багш  авъяас чадвараа сорин оролцлоо.

 Уралдааны

  • 1 дүгээр байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3 дугаар сургууль
  • 2 дугаар байранд Баянгол дүүргийн  “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
  • 3-р байранд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль
  • Тусгай байранд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль
  • Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль
  • Шилдэг удирдаач багшаар Монгол –Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн  хөгжмийн багш Р.П Арефьев
  • Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш Ц.Гандолгор
  • Шилдэг найралжуулагч багшаар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хөгжмийн багш Д.Эрдэнэбаяр нар тус тус шалгарлаа.

Шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн нэгэн гол арга хэмжээ болгон 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм.

 

 

 НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР