

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран 2021 онд хэрэгжүүлсэн “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжис болон эртний хот суурины гэрэл зургаар “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар болон бусад албаны төлөөлөл, иргэд оролцлоо.
Тус үзэсгэлэн нь Монгол нутагт оршин байсан нүүдэлчдийн эртний хот, суурины талаарх мэдээлэл, агаарын зураглал бүхий гэрэл зургийн үзэсгэлэн болон “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлагаас илрүүлсэн зарим олдврорыг дээжлэн хүргэж байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран цаашид Улаанбаатар хот орчмын соёлын өвийн малтлага, судалгаа, түүх соёлын өвийн сэргээн засварлалтын асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар албаны төлөөлөл онцлон тэмдэглэсэн.
Тус үзэсгэлэнг Нийслэлийн 382 жилийн ойд зориулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдана.
Одоогоос 382 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-өөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд уламжлал ёсоор 10:30 цагт хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуураа цэнгүүллээ. Тус ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуур дээдлэн, Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр захиргааны байгууллагаас “Нийслэлийн Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”-г хүндэтгэлтэйгээр залж жил бүр Нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалаар Энэ өдөр Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүлж, Монгол цамын хэсгээс бүжигчид бүжиглэн, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар” дууг дуулж, Улаанбаатар чуулгын бүжигчид цамын бүжгийн хэсгээс бүжиглэв. “Мэлхийт хөшөө”, Нийслэлийн “Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”нд Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтнууд, иргэдийн төлөөлөл тойрог хэлбэрээр явж Сүлдэт хуур, Нууц товчоонд хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж үйл ажиллагаануудад нийслэл, дүүргийн удирдлагууд, Цэргийн штабын бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон оролцлоо.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн 2021 онд хамтран хэрэгжүүлсэн “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжис болон эртний хот суурины гэрэл зургаар “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 382 жилийн ойд зориулан зохион байгуулж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
Нийслэл хотоос соёлын талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бүх нийтийн хэрэг болгох зорилготой “Хотын соёл” аяны хүрээнд оюутан, залуучуудын дунд богино хэмжээний видео контентийн уралдааныг зарлаж байна.
Оюутан, залуучууд та бүхнийг уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна!
Соёлтой хотод хамтдаа амьдарцгаая!
Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж олон нийтэд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг таниулах, дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм.
Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галларейн уран бүтээлчидтэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон Улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлж байна.
Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч бөгөөд нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээл нь дэлхийн 192 орны бүтээлүүдээс сонгогдон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулагдсан бүтээл юм.
Иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тус урлагийн бүтээлийг үзэж, сонирхохыг урьж байна.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүхэн дурсгалт барилга болох Дамбадаржаалин хийдийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд сэргээн засварлах, шаардагдах зураг төсвийг боловсруулах талаар холбогдох албаны хүмүүс ажиллалаа.
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 1.1.2 дахь “Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авч сэргээн засварласан байна” заалт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.7 дахь “Улс, нийслэл, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, барилга байгууламжийг бүсчлэн хувааж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно” гэж тусгасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболд, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын өвийн зөвлөлийн гишүүн, Доктор, Архитектор З.Оюунбилэг, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн болон бусад албаны төлөөлөл өнөөдөр Дамбадаржаалин хийдэд ажиллалаа.
Тус хийд нь Богдын Хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал бөгөөд тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод зэрэг нь барилгын үндсэн материал болдогоороо онцлогтой.
Сүхбаатар дүүргийн зүгээс Зонхов уулыг тахих, орчны тохижилт үйлчилгээг сайжруулах, Нийслэлийн зүгээс сэргээн засварлах зураг, төсвийг гаргуулах, өмчлөл болон хамгаалалтын бүс, газрын асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар ярилцлаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 256 жилийн түүхт Данбадаржайлан хийдийн нөхцөл байдалтай Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, НЗДТГ, НСУГ-ын мэргэжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.
Улсын хамгаалалтын зэрэглэлтэй Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалт, цаашид сэргээн засварлах, орчин нөхцөлийг сайжруулах талаар төсөл боловсруулж нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах чиглэлийг Нийслэлийн Засаг даргын орлогчийн зүгээс өглөө.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Нийсэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариусан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариусан орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга, НЗДТГ, НСУГ-ын мэрэгжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.
Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газрыг малтан судлаж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх зорилготой судалгааны ажил 70 хувийн хэрэгжилттэй явагдаж байна.
Монгол-Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорватын нарын удирлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд 1961 онд гүймэг малтлага судалгааг гүйцэтгэж зарим морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм.
Судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, D GPS багажийн тусламжтай нийт 6 язгууртны булш, 4 дагуул булшны дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн 4м урт үүдэвчтэй, 6,5 х 5м хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3,5м гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүд илэрсэн ба язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээллийг өгөх олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал цаашид илэрч олдох магадлал өндөр байна.
Уг дурсгалт газрыг соёлын өв, аялал жуулчлал бүтээгдэхүүн болгох үүднээс малтлага, судалгаа огт хийгдээгүй, хамгийн том хэмжээтэй 1-р булшийг цаашид ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ удаад уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан төлөвлөлтийн зураг хийхээр боллоо.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Нийсэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Туулын хар түнэ” археологийн судалгааны төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Хан-уул дүүргийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, НЗДТГ, НСУГ-ын мэрэгжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал бөгөөд уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх зорилготой юм. Тус судалгааны ажил 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Судалгааны үр дүнд дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, хотын туурийн хэрэм болон түүний дотор орших төв барилга, жижиг барилга байгууламжуудын бүтэц, рельефийг харуулсан дэвсгэр зургийг хийж, хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлох зорилгоор 2 х 26 м сувгийн малтлага гүйцэтгэж, 4 м өргөн, 70 см өндөр шавар үелэн дагтаршуулсан шороон хэрэм, түүний гадна талаар 4 м өргөн, 60 см гүн сувагтай байгааг тогтоосон байна. Уг сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байна. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болж байна .
Уг ордны туурь нь шороон хэрэмний ерөнхий тэг, чиглэлтэй давхцахгүй байгаа нь өөр цаг үед холбогдохыг шууд илэрхийлж байна.
Ордныг байгуулсан шороон суурь нь 34 х 18.5 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд цайвар өнгийн шавар дагтаршуулан дэлдэж 2.5 м өндөр шороон тавцан үүсгэн, шатаасан тоосгоор нямбайлан шалласан болохыг тодорхойлсон байна.
Шалны тоосгон өрлөгөөс үзэхэд уг барилга нь үүдний угтах хэсэг болон хэд хэдэн томоохон тасалгаанаас бүрдэх бөгөөд барилгын материал болох дээврийн ваар, нүүр ваар, тоосго, барилгын гоёл чимэглэл багагүй илэрч байгаа нь нарийн мэргэжлийн урчуудын оролцоотой, инженерийн хэмжилт тооцоо, төлөвлөлтийн дагуу баригдсан архитекторын уран тансаг шийдэлтэй, гоёмсог хийцтэй ордон байсныг илэрхийлж байна.
Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн болж байна. Мөн ордны суурийн зүсэлтийн малтлагаар он цаг тогтоох модон байгууламжийн үлдэгдэл илэрч, олдоод байна.
Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй бөгөөд тэдгээрийн дотор 1000° дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна хэмээн ШУА-ын Археологийн хүрээлэнгийн удирдлага, судалгааны ажлын багийн зүгээс танилцууллаа.
Судалгааны ажлын үр дүн ач холбогдолтой танилцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн зүгээс түүхэн ач холбогдол бүхий тус дурсгалын судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх, нийслэл орчмын түүх соёлын дурсгалуудыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа шинжилгээн дээр үндэслэн сэргээн засварлаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулах талаар онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулан нарийвчилсан төлөвлөлт бүхий төслийг ойрын хугацаанд хийж нийслэлийн төсөв болон гадаад, дотоодын төсөл арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР