“МОНГОЛЫН ЭРТНИЙ ХОТУУД АГААРЫН ЗУРАГТ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран 2021 онд хэрэгжүүлсэн “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжис болон эртний хот суурины гэрэл зургаар “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар болон бусад албаны төлөөлөл, иргэд оролцлоо.

Тус үзэсгэлэн нь Монгол нутагт оршин байсан нүүдэлчдийн эртний хот, суурины талаарх мэдээлэл, агаарын зураглал бүхий гэрэл зургийн үзэсгэлэн болон “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлагаас илрүүлсэн зарим олдврорыг дээжлэн хүргэж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран цаашид Улаанбаатар хот орчмын соёлын өвийн малтлага, судалгаа, түүх соёлын өвийн сэргээн засварлалтын асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар албаны төлөөлөл онцлон тэмдэглэсэн.

Тус үзэсгэлэнг Нийслэлийн 382 жилийн ойд зориулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдана.  

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ ШАВ ТАВЬСАН “МЭЛХИЙТ” ХӨШӨӨ, “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, “НИЙСЛЭЛИЙН СҮЛДЭТ ХУУР” ЦЭНГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Одоогоос 382 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-өөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны шав тавьсан  “Мэлхийт хөшөө”-нд уламжлал ёсоор 10:30 цагт хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуураа цэнгүүллээ. Тус ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуур дээдлэн, Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр захиргааны байгууллагаас “Нийслэлийн Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”-г хүндэтгэлтэйгээр залж жил бүр Нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалаар Энэ өдөр Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүлж, Монгол цамын хэсгээс бүжигчид бүжиглэн, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар” дууг дуулж, Улаанбаатар чуулгын бүжигчид цамын бүжгийн хэсгээс бүжиглэв. “Мэлхийт хөшөө”, Нийслэлийн “Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”нд Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтнууд, иргэдийн төлөөлөл тойрог хэлбэрээр явж Сүлдэт хуур, Нууц товчоонд хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж үйл ажиллагаануудад нийслэл, дүүргийн удирдлагууд, Цэргийн штабын бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“МОНГОЛЫН ЭРТНИЙ ХОТУУД АГААРЫН ЗУРАГТ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн 2021 онд хамтран хэрэгжүүлсэн “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжис болон эртний хот суурины гэрэл зургаар “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг  Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 382 жилийн  ойд зориулан зохион байгуулж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ 13 ДАХЬ УДААГАА 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 18-24-НЫ ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, “Номадиа Пикчерс” ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо Тэнгис кино театрт нээлтээ хийж байна.

Тус наадам 2002 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд Канн, Берлин, Венец, Брюссель зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино боловсролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба Олон Улсын кино үзвэр ба “Үзэхийн хязгаар” Ази киноны үзвэр гэсэн хэсгүүд багтсан. Наадмын хүрээнд 2020-2021 онд бүтээгдсэн Монгол, Орос, Франц, Герман, Иран, Малайз, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулна.

“ХОТЫН СОЁЛ” АЯНЫ ХҮРЭЭНД ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ДУНД ВИДЕО КОНТЕНТИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Нийслэл хотоос соёлын талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бүх нийтийн хэрэг болгох зорилготой “Хотын соёл” аяны хүрээнд оюутан, залуучуудын дунд богино хэмжээний видео контентийн уралдааныг зарлаж байна.

Оюутан, залуучууд та бүхнийг уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна!

Соёлтой хотод хамтдаа амьдарцгаая!